74 мянган саналын хуудас алдаатай байжээ

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулав.

 

Саналын хуудас алдаатай хэвлэсэн тухай мэдээлэл бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

Орон нутгийн сонгуульд саналын хуудастай холбоотой зөрчил дутагдал их гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцдаг. Харин зарим аймаг, дүүргийн хороод хариуцлагагүй хандаж таван мандаттай байхад дөрөв гэж бичих, долоон мандаттайг зургаа гэх зэргээр алдаа гаргасан. Мөн эцгийнх нь нэрийг өөрийнхтэй нь сольж бичсэн. Жишээ нь, Баярмагнай гэхийг Баяраа гэж дутуу орхих юм уу дуудлагаар бичсэн, бие даагчийг нам руу оруулсан. МАН гэдгийг МАХН болгосон зэрэг олон зөрчил гарсан. Энэ мэт алдааг СЕХ-ны шинжээчид илрүүлж, 74 мянган саналын хуудасны алдааг залруулан дахиж хэвлүүлсэн.

 

Ирц хүрэхгүй бол хэрхэх вэ? Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг хамт явуулах уу?

 

Өмнө орон нутгийн сонгуулиар нийслэлд ирц хүрэхгүй тохиолдол гарсан. Энэ удаагийн сонгуулийн ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулна. Түүнээс биш дүүрэг, сум, аймгаараа санал хураахгүй. УИХ-ын сонгуулиар 22, 26 дугаар тойрогт дахин санал хураахаар шийдвэрлэснээс энэ удаагийн сонгуулийн үеэр зөвхөн Баянзүрх дүүрэгт дахин санал хураана.

 

Урьдчилсан санал хураалтыг ямар журмаар явуулах вэ?

 

Үүнийг санал хураах өдрийн өмнө явуулах бөгөөд урьдсилан санал хураалтын ажил зохион байгуулахгүй, зөөврийн хайрцгаар зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай болон баривчлагдсан, саатуулагдсан хүмүүс л саналаа өгнө.

 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

 

Энэ удаагийн Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ажилд 5.4 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас баталсан нь 2008 оны орон нутгийн сонгуулийн зардлаас нэмэгдсэн. Энэ нь хэд хэдэн үндэслэлтэй. Автоматжуулсан тоног төхөөрөмж ашиглаж байгаа, тээвэр, шатахууны зардал болон санал авах байрыг дулаан байлгах түлээ нүүрсний зардал дөрвөн жилийн өмнөхөөс нэмэгдсэн, өмнө нь саналын хуудсыг аймаг, орон нутаг нь жирийн цаасан дээр хэвлэдэг байсан бол энэ удаа Канадад үйлдвэрлэсэн тусгай цаасан дээр хэвлэж байгаа. Мөн өмнө нь санал авах, тоолох, хурууны хээгээр таних хэрэгслийг орон нутагт хүргэх, буцаан татах ажил хийгдэж байгаагүй. Цагдаагийн хамгаалалт, Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны зардал гэх мэт хэд хэдэн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

 

Зууны мэдээ. 2012.11.20, № 274





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.