Нэр дэвшигчид сурталчилгаандаа мессеж ашиглахыг зөвшөөрсөн

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

 

Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороод хуулийн дагуу хариуцан гүйцэтгэж байна. Аймаг, сумдын саналын хуудас хэвлэгдээд дууссан. Одоо хүргэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж, дүүргүүдийн саналын хуудас хэвлэх ажил хийгдэж байна. Хуулийн дагуу аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдэд 6-ны өдөр үнэмлэхийг нь олгосон. Нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлээд байна.

 

Нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаандаа юуг анхаарвал зохих вэ?

 

Хуульд зөвшөөрсөн, хориглосон хоёр төрлийн заалт бий. Нам, эвсэл, нэр дэвшигчид энэ хоёр төрлийн заалтыг сайн уншиж судлаж байж сурталчилгаагаа явуулах хэрэгтэй.

 

Сонгуулийн сурталчилгаа хийхэд юуг зөвшөөрсөн бэ?

 

Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг явуулахад хуулиар зөвшөөрсөн 7 төрлийн арга хэлбэр байгаа. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх, гудамж талбайд сурталчилгааны зурагт самбар, өөрийн тугийг байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, телевиз, радиогийн сурталчигааны нэвтрүүлэг, цахим хуудас, мессеж ашиглаж сонгогчдод мэдээлэл хүргэхийг зөвшөөрсөн.

 

Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа хийж болохгүй гэсэн үг үү?

 

Хуульд сонгуулийн сурталчилгаа нь зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэнэ гэсэн заалт орсон. Тийм учраас хуулиар зөвшөөрсөн арга хэлбэрийн хүрээнд нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх ёстой.

 

Зөвшөөрсөн заалтуудыг та хэллээ. Хориглосон заалтын талаар?

 

Хориглосон хоёр бүлэг заалт хуульд бий. Нийтдээ 60 гаруй үйлдэл, үйл ажиллагааг хориглоно. Нэг нь сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэхийг хориглосон. Мөн нийтийг хамарсан уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, амралт сувилалд амраах, хүлээн авалт зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэхийг хориглосон.

 

Нөгөө бүлэг заалт нь юу вэ?

 

Хоёр дахь хориглосон бүлэг заалт нь гэвэл сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зөвшөөрснөөс бусад арга хэлбэрээр сурталчилгаа хийх, мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, хөрөнгө оруулалтын чанартай ажил үйлчилгээ явуулах, шашны зан үйл ашиглах, төрийн өмчийн тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, насанд хүрээгүй иргэнийг болон төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулахыг хориглосон.


Тээврийн хэрэгслийг төрийнх, хувийнх гэдгийг яаж ялгах юм бэ?

 

Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн сонгуулийн сурталчилгаанд явах тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг өгнө. Загварыг нь Сонгуулийн Ерөнхий Хороо баталсан.

 

Хаанаас, хэн өгөх вэ?

 

Тээврийн хэрэгслийн таних тэмдгийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод өгнө. Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд явах тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, хүсэлтээ зохих сонгуулийн хороондоо хүргүүлж таних тэмдгээ авна. Таних тэмдэггүй автомашин, автобус, мотоциклийг сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон.

 

Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл, мэдээллийн байгууллагууд ямар байдлаар оролцох вэ?

 

Олон нийтийн радио, телевизийн хувьд сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хуулиар хориглосон. Бусад агаарын долгион ашигладаг радио, телевизийн хувьд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр сурталчилгааны нэвтрүүлэг хийнэ. Гэхдээ сурталчилгааны нийт хугацаа хоногт хоёр цагаас хэтэрч болохгүй. Мөн нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн дагнасан сурталчилгаа нэвтрүүлэхийг хуулиар хориглосныг анхаарах хэрэгтэй.

 

Нэвтрүүлэг ямар төлбөртэй байх вэ?

 

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлж болно. Харин төлбөр нь тухайн радио, телевизээс тогтоосон оргил цагийн сурталчилгааны төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.

 

Сурталчилгааны нэвтрүүлгийн явцад хэн хяналт тавих вэ?

 

Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн тэнцвэрт байдалд аймаг, дүүргийн сонгуулийн хороо хяналт тавина. Мөн хяналт тавихад олон нийтийн байгууллагуудыг оролцуулж болно.

 

Сонин хэвлэлийн тухайд?

 

Хуульд зөвшөөрөгдсөн хэлбэрээр нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж болно. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, мөн нэг хэвлэлийн хуудас намтар, сурталчилгааны материал хэвлүүлж сонгогчдод тарааж болно.

 

Нэг хэвлэлийн хуудас гэж ямар хэмжээг ойлгох вэ?

 

Өмнө нь нэг хэвлэлийн хуудас гэдгийг стандарт барьж тогтоодог байсан. Энэ удаад нэг хэвлэлийн хуудас гэдгийг А4 хэмжээтэй бичгийн цаасны нэг нүүрнээс найм дахин их гэж ойлгоно гээд хуулиар тогтоогоод өгсөн.

Сурталчилгааны самбар ажиллуулж болох уу?

 

Сонгуулийн үеэр нам, эвсэл, нэр дэвшигч нь сурталчилгааны самбар байрлуулж болно. Сурталчилгааны самбар нь нам, эвслийн болон нэр дэвшигчийн гэсэн хоёр төрөл байна. Аймаг, сум, дүүргийн хэсэг тус бүрт 1-2 сурталчилгааны самбарыг нам, эвсэл, нэр дэвшигч нь байрлуулж болохоор хуульчилсан.

 

Сурталчилгаандаа цахим хуудас, мессеж ашиглаж болох уу?

 

Нам, эвсэл, нэр дэвшигч ньсонгуулийн сурталчилгаандаа бие даасан цахим хуудас, мессеж ашиглаж болно. Харин цахим хуудас, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

Сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хууль зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?

 

Хариуцлагын хоёр төрлийн арга хэмжээ хуульд бий. Нэгдүгээрт, торгуулийн арга хэмжээ. Сурталчилгааны явцад хууль зөрчсөн этгээдийг ихэнх тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-8 дахин, 8-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчлагдсан. Хоёр дахь арга хэмжээ нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хууль зөрчиж тэр нь нотлох баримтаар тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна гэж хуульд заасан байгаа.

 

Энэ арга хэмжээг хэн авах вэ?

 

Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгах ба сум, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч хянан шийдвэрлэнэ.

 

Зууны мэдээ, 2012.11.09, № 264, 265





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.