Орон нутгийн сонгууль есдүгээр сард болно

Хэвлэх

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

 

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт болох дахин сонгуулийн тов хэзээ тодорхой болох вэ?

 

Энэхүү хоёр дүүрэгт болох дахин санал хураалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бид одоогийн байдлаар бэлтгэл хангах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн сонгуулийг мөн л есдүгээр сарын дундуур хийхээр төлөвлөж байгаа. Ямартай ч энэхүү шатны сонгуулийн хуулийг шинэчлэн батлах шаардлага тулгараад байна. Гэхдээ нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Түүнд СЕХ саналаа өгнө.

 

 Орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулах вэ?

 

Энэ талаар тодорхой шийдэл гаргаагүй байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийг автоматжуулсан аргаар явуулбал асар их зардал гарна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн хэмжээний ажил болно. Гэхдээ автоматжуулсан аргаар сонгууль явагдах эсэх хууль эрх зүй нь яаж батлагдахаас шалтгаална. Хоёрдугаарт, УИХ-аас шийдвэр гарах байх гэж бодож байна.

 

Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчидтэй холбоотой асуудал юу болж байна вэ?

 

МАН-аас тус тойрогт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой маргааны анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг зохих шатанд нь хянаж, шийдвэрлэх ёстой. Одоогоор дараагийн шатны шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон байдалтай байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр гарсны дараа тойргийн хороо асуудлыг авч хэлэлцэнэ. Харин одоогийн байдлаар тойргийн хороо энэ асуудлаар хуралдаад, шүүхээс асуудлыг шийдсэний дараа яръя гэдэг зарчим дээр тогтсон талаар СЕХ-нд бичиг ирүүлсэн. Энэ мэтчилэн асуудлаас үүдэн УИХ-ын 2012 оны сонгуулийн явцад дүгнэлт хийж, намрын чуулганы эхэнд Сонгуулийн тухай хуульд зайлшгүй тусгах ёстой заалтуудыг оруулах саналаа Сонгуулийн Ерөнхий Хороо гаргах болно.

 

МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн тойргууд дээр саналыг гараар тоолох хүсэлт гаргасныг СЕХ хэрхэн үзэж байгаа вэ?

 

СЕХ саналыг тойргийн хэмжээнд бүхэлд нь тоолох эрх зүйн орчин байхгүй гэсэн хариу өгсөн.

 

Нийгмийн толь, 2012.07.27, № 145





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.