Саналын хуудасны заавраа сайн уншаарай

Хэвлэх

Монголчууд бид эрт дээр үеэс төрт ёсоо дээдлэн төрийнхөө сүлдэнд залбирч ирсэн. Тийм ч учраас иргэд маань төр барих түшээдээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцдог. Харин сүүлийн сонгуулиудад иргэдийн өгсөн саналын хуудсыг хүчингүй болгох, саналыг луйвардах, нэг иргэнийг 2 газар санал өгүүлэх зэрэг бохир зүйлийг улс төрчид хийлгэдэг болсон. Энэ жилийн УИХ-ын сонгууль шинэ хуулиар явагдаж байна. Эрх баригчид ч цахим үнэмлэх, санал тоолох автомат машин гээд дээрх байдлыг дахин давтуулахгүй гэж улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулаад байгаа. Гэвч сонгогчид өөр өөрийн саналын хуудсыг зөв бөглөхгүй бол Таны санал хүчингүй болох магадлал бий. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцсан юм.

 

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолно гэж байгаа. Саналын хуудсыг хүчингүй болгодог муу арга бүрэн байхгүй болно гэж ойлгож болох уу?

 

Саналыг хүчингүйд тооцох, саналын хуудсыг хүчингүйд тооцох гэсэн 2 өөр ойлголт бий. Сонгуулийн хуулийн 47-д тодорхой заасан байгаа. Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгч тэмдэглэгээ хийвэл санал хүчингүй болно. Нийт 26 тойргоос Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговь гэсэн 6 аймаг нэг мандаттай. Энд нэг нам нэг л хүнийг нэр дэвшүүлнэ. Тэгэхээр эдгээр аймгийн сонгогч нар нэг л хүнийг тэмдэглэнэ. Гэтэл 2 юм уу 3-ыг тэмдэглэвэл таны санал хүчингүй болно гэсэн үг. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг 3 мандаттай. Энэ дүүргийн сонгогчид 3 нэр дэвшигчид санал өгч тэмдэглэгээ хийнэ гэсэн үг. Гэтэл 2 юм уу, 1 нэр дэвшигчийг сонгож тэмдэглэгээ хийвэл мөн л саналын хуудас нь хүчингүй болно гэсэн үг. Дээрх 8 тойргийг хасаад үлдсэн 18 тойрог хоёр мандаттай. Мандатын тооноос илүү буюу дутуу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно. Харин бүх тойрогт адилхан, сонгогч бүр нэг намын төлөө тэмдэглэгээ хийнэ. Намууд хэдэн мандаттай байсан ч нэг л намд санал өгнө гэсэн үг. Саналын хуудас 2 хэсэгтэй. Дээд хэсэгт нь тойрогт нэр дэвшигч, доод хэсэгт нь нам, эвслийн нэрийг бичнэ. Хоёрдугаарт саналын хуудсыг хүчингүйд тооцох тохиолдол нь хуульд зааснаар баталсан загвараас өөр саналын хуудсаар санал өгөх, саналын хуудасны зааварт зааснаас өөр тэмдэглэгээ хийсэн байвал саналын хуудсыг хүчингүйд тооцно. Үүнд өөр тойргийн саналын хуудсаар санал өгөх гэж оролдох, тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 3 мандаттай хуудсыг Чингэлтэй дүүрэг дээр уншуулах гэж оролдох гэх мэт орно.

Өмнө нь саналын хуудасны маягт улсын хэмжээнд ижил, өнгө нь ч адилхан, дээр нь л өөр өөр нэр бичсэн байдаг байсан. Одоо бүх саналын хуудсууд кодтой, үүнийг тухайн тойргийн машин л уншина, өөр тойргийн машин уншихгүй.

 

Нэр дэвшигчийн тэмдэглэгээг хийгээд сонгогч автомат машинд саналын хуудсаа өөрөө уншуулах уу?

 

Хуульд сонгогч “өөрөө өгнө” гээд заачихсан. Аль нэг этгээдээр дамжуулж санал өгөхийг хориглосон. Тэгэхээр өөрөө л машинд уншуулна гэсэн үг. Ер нь сонгогч тэмдэглэгээгээ хийхдээ 2 зааврыг заавал унших хэрэгтэй. “Та өөрийн сонгохыг хүссэн 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ үү” гэсэн бол 2 дугуйг хараар будна гэсэн үг. 2 дахь заавар нь “Та өөрийн сонгохыг хүссэн нэг намын өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ үү” гэсэн байгаа.

 

Хэвтэрт байгаа хүмүүст гэрээр саналаа өгөх боломж байх уу?

 

            Хэвтэрт байдаг хүмүүсийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх өдрөөс нэг хоногийн өмнө авсан байна. Машинаар уншуулах саналын хуудсыг өгөөд сонгогч тэмдэглэгээгээ хийгээд хайрцаг руу хийнэ. Саналын хуудсыг нугалж болохгүй. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах өдөр нь санал хураах өдрийн өмнөх өдөр байна. Энэ нь 6 дугаар сарын 27-нд авна гэсэн үг. Ингэхдээ хуулийн дагуу хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн, ажиглагч нар цуг байлцана. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо баталсан байгаа.

 

Хэвтэрт байгаагаас өөр ямар хүмүүсийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах вэ?

 

Эрүүл мэндийн байдлаасаа болод сонгуулийн байранд очиж саналаа өгч чадахгүй хүн хүсэлтээ бичгээр гаргаж эмнэлгийн магадлагаагаа хавсаргаад хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хүмүүсийн нэрийн жагсаалтыг батална. Хоёрт, нийтийн дайчилгаанд гал, үер ус гэх мэт ажилд дайчлагдан ажиллаж байгаа сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө. Гуравт, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан хүмүүс байна. Дөрөвт, байцаан шийтгэх арга хэмжээний албадлагын улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон улсууд байна. Энэ хүмүүсийн жагсаалтыг хэсгийн хороо гаргаад хуваариа батлаад зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авна. Энэ журам манай цахим хуудсанд байгаа.

 

Өмнөх сонгуульд түр хугацаагаар гадаадад эсвэл өөр газар очиж ажиллах хүмүүс урьдчилж саналаа өгөөд явдаг байсан. Үүнийг болиулсан гэсэн?

 

Оршин байгаа газраасаа өөр газар ажиллаж байгаа хүмүүс, өөр газар шилжиж байгаа хүмүүс урьдчилж санал өгөхгүй. Хуулиараа саналын хуудас очсоны дараа урьдчилж санал өгдөг байсныг хассан. Очих газраа шилжүүлгээ хийлгээд тэр газраа саналаа өгнө. Энэ сонгуулийн хувьд 5 дугаар сарын 28-наас өмнө шилжүүлгээ хийлгээд тэр газраа бүртгүүлсэн байх учиртай.

 

Ямар нэг шалтгаанаар, гачигдлаар ч юм уу түр явах хүмүүс саналаа өгөхгүй нь ээ дээ?

 

Ийм тохиолдолд ёстой арга байхгүй. Тэр хүн шилжүүлгээ авч явах боломж байхгүй. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжихийг сонгуулийн товыг зарласан өдрөөс зогсоосон.

 

Сүүлийн үед оюутан, сурагчид тестээр шалгалт өгөхдөө тэмдэглэгээг буруу дүүргэж будсанаас оноогоо авч чадсангүй гэсэн маргаан их гардаг. Сонгуулийн санал өгөхөд ийм байдал гарах болов уу?

 

Нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будахад дутуу байсан ч машин уншина, хэтрүүлж зурсан ч машин уншина. Тусгай хар үзгээр будна. Санал авах байруудад тусгай зориулалтын үзэг тавина. Улаанбаатар хотод УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явна. Саналын нэг л хуудас байна гэсэн. Нийслэлийн сонгуулийг нийслэлийн сонгуулийн хороо зохион байгуулна. СЕХ арга зүйн зөвлөгөө өгнө. Саналын хуудасны нэг талд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, саналын хуудасны нөгөө талд нь Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс байна.

 

Саналын хуудсыг машинд хоёр уншуулна гэсэн үг үү?

 

Үгүй , нэг л уншуулна. Машин зэрэг уншина.  

 

“Хөдөлмөр” сонин. 2012.06, тусгай дугаар. Б.Жаргал

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.