Одоогоор нэг ч гомдол ирээгүй байна

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа

 

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор гаргах ёстой журам, тогтоолынхоо хэдийг нь гаргаад байна вэ?

 

Гарах ёстой гэх журмуудын маань тал хувь нь гарчихсан. Үлдсэн хэсэг төсөл нь боловсруулагдаад дуусч байгаа. Ялангуяа сонгуулийн автоматжуулалтай холбоотой хэд хэдэн журам гарах ёстой. Үүнтэй холбоотойгоор нэлээд шинэ ажиллагааг журамлана.

 

Танайхаас хамааралгүй, УИХ-аас шалтгаалан хойшлогдож буй зүйл бий юу? Цэцийн дүгнэлтийг хэрхэн хүлээж авахыг хүлээж байна ч гэх юм уу?

 

Цэцийн дүгнэлтийг хэрхэх вэ гэдгээс шалтгаалан хойшлогдсон зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ дүгнэлт нь сонгуулийн дүнг гаргах, тооцоолохтой л холбоотой зүйл. Тэр ажиллагааг нь сонгуулийн санал хураалтын дараа л хийх ёстой болохоос бэлтгэл ажилд нөлөөлөхгүй.

 

Бүртгэлийн газрын дарга нь цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө гаргаж амжихгүй гэх утгатай мэдэгдлийг хийсэн. Хэрвээ цахим үнэмлэх гарч, иргэдийн гар дээр очиж амжихгүй бол яах вэ?

 

Сонгуулийн тухай хуульд цахим үнэмлэхээр санал өгнө гэж шууд тодоройлсон заалт байхгүй. Хуульд “цахим үнэмлэх” гэсэн үг байхгүй. Харин “иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж шалгаж, саналын хуудсыг олгоно” л гэсэн заалт бий. Цахим үнэмлэхээс шалтгаалаад сонгуулийг бүхэлд нь болж бүтэхгүй байна гээд яриад байж болохгүй л дээ.

 

Санал тоолох машиныг саадгүй ажиллуулна гэсэн баталгааг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж чадах уу?

 

Зарим хүмүүс цахим үнэмлэх нь бүтэхээ байлаа, тэгэхээр саналын машин ажиллахаа болих нь гэж яриад байна. Иргэний хувийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажиллагаа нь тусдаа ажиллагаа шүү дээ. Сонгогч эхлээд саналын хуудсаа авах нь саналын хуудсыг шууд тоолохтой холбоогүй. Машин саналын хуудсыг тоолж дүнгээ гаргана гэсэн л зарчимтай. Машин горимынхоо дагуу л ажиллана. Бид ч алдаагүй зөв ажиллуулахын төлөө ажиллана.

 

Сонгуулийн тогтолцооноос эхлээд олон зүйл шинэчлэгдсэн. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүд нь хүртэл нэгдмэл тодорхой ойлголтгүй байсаар өдийг хүрлээ. Ийм байхад сонгогчдод ирэх сонгууль хэр ойлгомжтой байгаа гэж та бодож байна? Сонгогчдын боловсролд зориулж хийсэн зүйл байгаа юу? “Ходоодоороо” сонголт өгөх боломжийг нь хаах үүднээс Сонгуулийн Ерөнхий Хороо юу хийж байна?

 

“Ходоодоороо” сонгуульд оролцдог тухай шүүмжлэл яригддаг л байсан. Иргэд үүнийг бүрэн ойлгож байгаа байх. Сонголтоороо төрийн эрхийг барьж буй хэлбэр учраас хариуцлагатай хандах байлгүй дээ. Монгол Улсын сонгогчдын хувьд харьцангуй боловсролтой, бичиг үсэг тайлагдалтын байдлаараа бусад улсаас үзүүлэлт өндөр. Сонгуулийг өгөхөд чадахгүй зүйл гарахгүй.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар сонгогч санал өгөхдөө ямар зүйлийг хийж болох, юуг хийж болохгүй байх тухай заасан байгаа. Энэ талаар нь ойлголт өгөхөд, автоматжуулсан системтэй холбоотойгоор иргэдийн зүгээс юу шалтгаалахыг тодорхой болгоно. Сонгуулийн тов гарч, технологио тодорхой болгосны дараа энэ талаар өргөн хүрээтэй сурталчилгаа явуулна. Ямартаа ч сонгуулийг болохоос өмнө сонгогч бүрт мэдээлэл, таниулгыг хүргэх болно.

 

Энэ долоо хоногтоо багтаад сонгуулийн тов тодорхой болох уу?

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны зүгээс ямар ч байсан энэ долоо хоногт багтаад төв гаргах тухай саналаа УИХ-д хүргүүлнэ. УИХ асуудлыг хэлэлцдэг журмынхаа дагуу хэлэлцээд шийдээ гаргана.

 

Хийж бэлтгэх ажил багагүй байгаа гэж бодоод сонгуулийн товыг хуульд заасан хамгийн сүүлийн өдрөөр тогтоох байх гэх таамаглал бий. Тов тэгэхээр бараг тодорхой юм биш үү?

 

Үүнийг УИХ шийднэ. УИХ-аас сонгуулийн тов зарлах тухай тогтоол гарна.

 

2012 оны сонгуулиар гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд анх удаа сонгуульд оролцох боломжтой болж байгаа. Энэ боломжийг нь хангахын тулд СЕХ нь Гадаад харилцааны яамтай хамтран журам боловсруулна гэж байсан. Энэ журам нь танайхаас гарсан уу?

 

Энэ тухай журам боловсруулагдаад гарчихсан. Одоо Засгийн газрын хуралдаанаар орж санал хэлэлцэгдэх байх. Мөн тус журмын Төрийн байгуулалтын байнгын хороо, намын бүлгүүдэд хүргүүлсэн. Санал ирж байна. Эдгээр саналыг аван СЕХ болон ГХЯ-наас хамтран баталж мөрдүүлэх болно.

 

Гадаад буй иргэдийн саналыг ямар байдлаар тоолно гэсэн үг вэ?

 

Гадаад улс оронд ажиллаж амьдарч буй сонгуулийн насны иргэд маань саналын хуудсан дээр саналаа өгнө. Тэр саналын хуудсыг битүүмжлээд л Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Санал тоолох үеэр эдгээр саналыг Сонгуулийн Ерөнхий Хорооныхон тоолно. Энэ саналыг ямар байдлаар авах вэ гэдгийг, санал өгөх үеийн нууц байдлыг хангах байдлын талаар ажлын хэсэг бусад орны туршлагыг судлаад “Санал өгөхдөө саналын хуудсаа дугтуйнд хийж битүүмжлээд саналын хайрцагт хийнэ” гэж зохицуулахаар болсон. Тэр битүүмжлэлийг алдагдуулахгүйгээр санал тоолох үед л задлагдахаар байгаа.

 

Тухайн сонгогчийн буй улсын Элчин сайдын яамны хувьд нааш нь шуудангаар л явуулах үүрэг ногдож байгаа гэж ойлгож болох уу?

 

Шуудангаар явуулах уу, бие төлөөлөгчөөр явуулах уу гэдэг нь журмаар тодорхой болно. Ямар ч байсан зүгээр л шууданд хийгээд хаячихгүй байх.

 

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор хууль бус сурталчилгаа хийхийг хориглосон байгаа. Гэвч бэлэг сэлт тарааж байгаа тухай, санал авах зорилготой далд явуулга явсаар байгаа тухай ч олонтаа сонсогдох болсон. Нэр дэвшихээр горилогчдын зүгээс ийм хууль бус ажиллагаа явуулж байгаа тухай танай байгууллага дээр хянаж, шалгаж буй зүйл бий юу? Танай дээр өргөдөл гомдол хэр их ирж байна?

 

Одоогоор албан ёсоор ирсэн гомдол өргөдөл байхгүй нь. Бид хэвлэл мэдээллийн байгууллага, телевизийн шторк зэргийг ашиглан оны эхнээс юуг хийж болохгүй тухай сурталчилгааг явуулж байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр юуг хориотой талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан мэдээллийг явуулж байгаа нь үр дүнгээ үзүүлж байна гэж ойлгож байна. Нэр дэвших гэж байгаа хүмүүс хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарласан байгаа болоод харин ч ийм зүйл гаргахгүй байна. Хүмүүсийн хооронд тэр бэлэг тараалаа, энэ тэр гэх зүйлс ярьдаг. Гэхдээ баримт нотолгоотой зүйл байдаг бол түүнийгээ шүүхэд гаргаж тавих хэрэгтэй. Хэн нэгэн хууль зөрчсөн эсэхийг шүүх шийддэг, хуульд заасан захиргааны хариуцлагыг шүүхээс л ногдуулдаг болохоор ийм зүйл байгаа бол шүүхэд хандах боломжтой.

 

 Саналыг гараар тоолохоос өөр аргагүйд хүрвэл яах вэ? Одоогийн хууль эрх зүйгээр шийдэх боломж бий юу?

 

Хуульд саналыг гараар тоолох тухай заалт байхгүй. УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн хууль, Сонгуулийн автоматжуулалтын тухай хуульд ч байхгүй.

 

Гэхдээ ийм нөхцөл үүссэн тохиолдолд яах вэ?

 

Ийм нөхцөл үүсээгүй үед би ингэнэ, тэгнэ гэж хэлж чадахгүй. УИХ шийдвэрээ гаргачихсан. Мөнгө хөрөнгө нь шийдэгдчихсэн байгаа нөхцөлд энэ автоматжуулалтыг хэрэгжүүлэхийн төлөө л Сонгуулийн Ерөнхий Хороо ажиллана.

 

Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах хуультай байгаа. Зарим хэсэгт энэ нь өөрчлөгдөх байх гэж, зарим хэсэг нь өөрчлөгдөхгүй хуулийн дагуу явна гэж байна. Танай байгууллагын хувьд баримтлах байр суурь өөрчлөгдөөгүй биз?

 

Хамтад нь явуулбал ямар хүндрэл гарч болзошгүй талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ, Засгийн газарт мэдэгдээд бичгээр саналаа өгчихсөн байгаа. Энэ ажлыг автоматжуулах ажлыг зохион байгуулах компани ч хоёр сонгуулийн аль алинд нь автоматжуулалт ашиглахад тодорхой цаг хугацаа шаардлагатай талаар саналаа гаргасан. УИХ энэ бүр байдлыг харгалзан хоёр сонгуулийг хамтад нь хийх асуудлыг шийдэх байх. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

 

Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс өмнө Сонгуулийн Ерөнхий Хорооны ажилд саад учирч байгаа зүйл байна уу?

 

Үгүй. Яагаад гэвэл Сонгуулийн Ерөнхий Хороо нь УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлаа л хийж байна.

 

Яагаад зөвхөн УИХ-ын сонгуулийн бэлтгэл гэж?

 

Орон нутгийн сонгуулийг СЕХ зохион байгуулдаггүй шүү дээ. Хууль нь ийм юм.

 

Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах зардал мөнгөнд асуудал байхгүй биз дээ?

 

Орон нутгийн сонгуулийн зардал нь хоёр зүйлээс бүрдэнэ. Нэг хэсгийг нь орон нутгийн төсвөөс ИТХ нь өөрсдөө шийдээд гаргана. Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг УИХ нь Орон нутгийн сонгуулийг товлон зарлах үедээ баталж өгдөг. Гэхдээ энэ асуудлыг СЕХ нь улсын төсвөөс гарах зардлыг тооцоод 2012 оны төсөвт суулгачихсан байгаа. Тодруулбал, үүнд 760 орчим сая төгрөг суучихсан байна.

 

Б.Мандах. Ардын эрх. 2012.04.18, № 77

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.