Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараах тодруулгыг авлаа

 

Сонгуулийн санал тоолох автомат машины эхний хэсгийг хүлээн авсан тухайгаа танайхаас мэдэгдсэн. Хэдний дотор, ямар хуваариар үлдсэн машиныг нийлүүлэх юм бол?

 

Бидний хооронд хийсэн гэрээнд зааснаар нийт 2500 машин ирэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар 740 автомат машин заасан хугацаандаа ирээд байна. Энэ санал тоолох машинуудыг нэг бүрчлэн шалгаж хүлээн авах ажил хийгдэж байгаа. Хүлээн авах, хүлээлгэн өгөх гээд машин нийлүүлэгч АНУ-ын “DVS” компани, манай байгууллагын Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд оролцсон баг одоо ч ажиллаж байна. Хуваарийн дагуу санал тоолох машинуудыг өнгөрсөн сарын 31-нд нийлүүлнэ гэсний дагуу ийм эхний хэсэг нь ирлээ. Үлдсэн хэсгийг нь гэрээнд тулгуурлан сонгууль явагдахаас өмнө нийлүүлнэ.

 

Санал тоолох машины талаар таагүй мэдээлэл гарах болсон. АНУ-ын сонгуульд ашиглаад дүнг нь буруу гаргасан гэх юм?

 

Энэ тухай АНУ-аас ирсэн мэргэжилтнүүдээс нь асуусан бол зүгээр байх байлаа. Гэхдээ бид лавлаж асуусан. Тэд “Манай машин биш. Өөр үйлдвэрийн машин” гэдгийг батлан хэлсэн.

 

Хэдэн төгрөгөөр санал тоолох үйл явцыг автоматжуулж байна вэ?

 

Нэг ширхэг машиныг гурван мянган ам.долларт багтаан худалдан авахаар гэрээлсэн. Ер нь санал тоолох систем гэдэг чинь зөвхөн машинаар нь хязгаарлагддаггүй юм байна. Машин, скайнер бий. Бас саналын хайрцаг байгаа. Дагалдах хэрэгсэл болох тог баригч, нөөц зай гэх мэтээр бүгдийнх нь үнэ нийлээд гурван мянган ам.доллар болж байгаа юм.

 

Танай байгууллага Сонгуулийн тухай хуулийн хүрээнд сонгуулийг зохион явуулах үүрэгтэй. Шинээ батлагдсан хуульд зарим өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, Цэц хэлэлцээд тойргоос намын жагсаалт руу гулсуулах асуудлыг хүлээж авсангүй.

 

Энэ асуудал бол Цэц, УИХ-ын хоорондын хамааралтай зүй. Манай зөвхөн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ ч утгаараа хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хуулийн хүрээнд, хуулийн дагуу хуваарь гаргаж, түүнийгээ мөрдөөд л ажиллаж байгаа. Сонгуулийн тойрог, хэсгийн байгуулсан. Одоогийн байдлаар 1904 хэсэг байгуулагдаад байна. Хэсэг гэдэг маань санал авах газар шүү дээ. Энэ жилийн нэг онцлог гэвэл өмнөх жилүүдээсээ хэсгийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Учир нь хуулиараа нэг хэсэгт байх сонгогчдын тоог цөөрүүлж зүйлчилсэн юм. Тухайлбал, хэсэгт урьдын Сонгуулийн хуулиараа зургаан мянга орчим хүн багтдаг байсан бол шинэ хуулиар гурван мянган хүн байхаар болсон. Ингэж нэг хэсэгт байх сонгогчдын тоо хоёр дахин цөөрсөн учраас хэсгийн тоо нэмэгдэж байгаа юм. Түүнээс гадна сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж гуравдугаар сарын 15-ны дотор вэл сайтад тавих ёстой байдаг. Үүний Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан хийж байна. Энэ ажлын явцтай манайх танилцсан. Ажлыг зохих журмын дагуу хийж байна билээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран сонгогчдын бүртгэлийг хянаж нягтлах ажлын хэсэг байгуулчихаад байна. Үйл явцыг хийх журмын төслийг ч боловсруулсан байгаа. УИХ-ын хаврын чуулганд үүнийгээ танилцуулж батлуулна. СЕХ нийт 50 гаруй журам, заавар, загвар, маягтыг гаргах ёстой байдаг. Үүнийхээ 30 орчим хувийг нь хийчихсэн байна. Мөн бэлэн болгосон арав гаруй журам, заавар бий. Сонгуулиас өмнө бүх ажлаа хийх боломж байгаа. Эндээсээ журам, заавар, маягтаа батлаад сонгуулийн хороодод тараах ажил хийгдэнэ.

 

Хууль өөрчлөгдвөл сонгууль зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл гарах юм биш биз?

 

Ийм асуудал огт гарахгүй. СЕХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ.

 

Хуулийн тайлбар авахаар танайхаас Дээд шүүхэд хандсан. Үүнд хариу ирүүлэх боломжгүй гэсэн байна лээ. Тэгэхээр хуулиа яаж ойлгож байгаа вэ?

 

Өмнөх сонгуулийн үеэр Дээд шүүхээс Сонгуулийн хуульд тайлбар хийсэн байдаг юм билээ. Тэр үед гаргаж байсан тайлбар нь хууль шинэчлэгдэхээр хүчингүй болчихож байгаа юм. Тэгээд ч Дээд шүүхийн тайлбар нь хуучин хуулийн тэдийн тэд нь тийм юм гэж заасан байсан. Харин хуучин хууль нь хүчингүй болсон учраас тайлбар нь хүчингүй болно гэсэн үг. Тиймээс СЕХ энэ тайлбараа сэргээж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Түүнээс биш манай байгууллага хуулиа ойлгохгүй байгаа юм биш. Хуулийг хэлэлцэх явцад нь саналаа оруулж, боловсруулахад нь хамтарч ажилласан шүү дээ.

 

Хуулиараа хоёр сонгуулийг нэг өдөр явуулах хуулийн заалттай байгаа. Энэ хэр боломжтой зүйл вэ?

 

Хуульд заачихсан байгаа учраас хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, Татварын хуулиар та татвар төлөх ёстой гээд заачихсан байхад хэрэгжүүлэх боломж бий юу, үгүй юу гэж асуух нь сонин биз дээ. Үүнтэй л адил.

 

Тэгвэл хоёр сонгуулийг зэрэг явуулахад санал тоолох машин гэх мэтээр нэмэлт зүйл шаардагдах уу?

 

Нэмж авах шаардлагагүй. Байгаа санал тоолох машин маань хүрэлцээтэйн

 

Сонгуулийг маргаангүй явуулах боломж хэр байна вэ? Өнөөдрийн байдлаар асуудал нэг талдаа шийдэгдэхгүй, ээдрээтэй байна?

 

Боломж бий. Санал тоолох машин зэргийг хугацаанд нь авчихна.

 

Хоёр сонгуулийг хамт явуулах бэлтгэл ажил эхэлсэн гэсэн үг үү?

 

Бэлтгэл ажлаа хийж байгаа. Орон нутгийн сонгуулийг орон нутаг өөрөө зохион байгуулдаг. Манайхаас арга зүйн зөвлөгөө л өгдөг. Арга зүйн зөвлөгөөгөө өгч байгаа. Хуулиа хэрэгжүүл, хуульд чинь ийм, тийм заалт байгаа гээд.

 

Л.Төр. Өдрийн сонин. 2012.04.03, № 084

 

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.