Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлана

Хэвлэх
Цагдаа, хүчний байгууллагад СЕХ албан ёсоор хандаагүй. Ер нь цагдаа, хүчний байгууллагынхан улс орны хэмжээнд болж байгаа томоохон кампанит ажлын үеэр өөрийн шугамаар арга хэмжээ авдаг.

 

Иргэд, сонгогчдын хувьд сонгууль дууссан ч танай хорооны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил дуусах болоогүй байна. Яг хэдийд дууссан гэж үзэж болох вэ?

 

Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдаж, урьдчилсан дүнгээ гаргалаа. Цаашид энэ дүнг нягталж шалгаад албан ёсны дүн мэдээ гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг баталсны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгууль зарлахаас эхлээд УИХ-д анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг өргөн мэдүүлснээр сонгуулийн ажиллагааг дуусгах учиртай. Үүний дараа сонгуулийг зохион байгуулсан ажлын тайлангаа гаргаж, архивт өгнө. Мөн санхүүгийн тайландаа ирэх 9 дүгээр сард аудитын шалгалт оруулна.

 

Сонгуулийн дүнг нягтлан шалгах ажлын хэсгийг Та ахалж байгаа. Энэ ажил хэзээ дуусах вэ?

 

Одоогоор Сонгуулийн Ерөнхий Хороон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн анхан шатны дүнг нутаг дэвсгэрийн хороодоос хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Уг ажлын хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргын хувьд би ахалж байгаа. Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд, Ажлын албаныхан энэ ажлын хэсэгт багтсан. Бид 25-ны өдөр урьдчилсан дүн мэдээг танилцуулсан. Энэ дүн мэдээ нутаг дэвсгэрээс ирж байгаа тогтоолтой нийлж байх ёстой. Өөрөөр хэлбэл, зөрж байгаа эсэхийг нягталж шалгаж байна.

 

Хэрэв зөрж байвал яах вэ?

 

Зөрвөл юунаас болж зөрсөн, хаана ямар алдаа гарсныг тогтооно.

 

Сонгуулийн Ерөнхий Хороо дүнг зарлахдаа нэг аймгаас бусдынх нь тогтоол ирээгүй, утсаар дүн мэдээгээ авсан гэж байсан. Тэгэхээр зөрөх ёсгүй гэхээр түүндээ тааруулаад тогтоол үйлдэнэ гэсэн үг үү?

 

Тогтоолыг сүүлд нь үйлдэнэ гэж байхгүй. Тогтоолыг тухайн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн заавал өөрийн биеэр хүргэж ирэх ёстой. Энэ утгаар нь тогтоол СЕХ-нд ирээгүй, хүлээлцээгүй байсан болохоос биш, хэдийн үйлдээд, дүнг нь утсаар мэдээлсэн хэрэг.

 

Дорнодын Халхгол сум, Баян-Өлгийн хоёр хэсэг болон зарим дүүргийн мэдээ ирээгүй байсан. Эндээс урьдчилсан дүнд хэр өөрчлөлт орох вэ?

 

Дээрх мэдээ ирж, нэгдсэн дүнд орсон. Урьдчилсан дүнд том өөрлөлт орохгүй.

 

Сонгуулийн дүн гарснаас хойш мэдээлэл хийх хүртэл нэлээд удсан. Энэ үед СЕХ-ны хуралдаан дээр ширүүхэн маргаан өрнөлөө гэсэн яриа ч тархсан. Энэ үнэн үү?

 

Урьдчилсан дүн гарахад удсан гэсэн ойлголт олон нийтэд төрсөн юм билээ. Уг нь хуулиараа бол 5 хоногийн дотор гарах учиртай. Дүнг нэтгэхэд багагүй хугацаа орно. Бид бүтэн шөнөжин, 24 цагаар ажилласан. СЕХ-ныхонд тэгж маргаж хэрэлдэх зав байгаагүй. 18:00 цаг хүртэл удсаны учир нь аймгуудын мэдээ ирэхгүй байсан. Хэрэв 18:00 цагт мэдээлэл өгөөгүй бол яав, ийв гэсэн хардлага сэрдлэг үүсч, бас л ташаа ойлголт төрүүлж мэдэхээр байлаа.

 

Сурталчилгаа зогсоосноос хойш ухуулга хийх, мөн санал хураалтын өдөр мөнгө тараасан тухай болон хууль бус ажиллагааны талаарх бусад мэдээллийг телевизээр газар дээрээс нь сурвалжилж байсныг СЕХ-ноос зогсоож, мэдэгдэл гаргасан. Яагаад ингэх болов?

 

Сонгуулийн үеэр ийм зөрчлүүд гарч байгаа талаарх мэдээлэл СЕХ-нд ирж байсан. Ялангуяа, хэвлэл мэдээллийн байгууллагууд радио телевизээр дүн гараагүй байхад баталгаа нотолгоогүй мэдээллүүд цацах нь санал өгөх явцад иргэдийн саналд нөлөөлөх талтай. Тиймээс 24-ний өдөр СЕХ хуралдаж, сонгуулийн дүн гараагүй байхад санал асуулга явуулах, иргэдийн саналыг авах, баталгаагүй мэдээлэл гаргахгүй байхыг радио телевизүүдэд сануулсан. Энэ нь зөв зүйтэй санал болсныг ч сонгогчид бидэнд эргэж мэдээлсэн.

 

Чухам яаж сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бэ? Уг нь мэдээлж, анхааруулах нь зөв биш гэж үү?

 

Нэр дэвшигчдийн хэн нь илүү санал авч байна, хэн нь мөнгө тарааж байгаа талаар мэдээлэх нь нэг талаар сайн мэт боловч нөгөөтэйгүүр сөрөг сурталчилгаа болдог. Тиймээс намуудаас ч үүнийг СЕХ зогсоогооч гэдэг шаардлага тавьсан.

 

Ер нь өмнөх сонгуулиудыг бодоход энэ удаагийн сонгуулийн ирц хамгийн бага үзүүлэлттэй гарлаа. Үүнд юу нөлөөлсөн бэ?

 

Ирцийн хувьд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо гарсан. Энэ удаагийнх 73.5 хувь гээд бодохоор санал өгсөн сонгогчийн тоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс буураад байгаа шалтгаан нь сонгогчийн тоо нэмэгдээд байгаатай холбоотой. 1993 онд сонгогчийн тоо цөөн, ирц 90 гаруй хувьтай байсан бол одоо хувь нь багассан боловч сонгогчийн тоо нэг сая гаруй болж, эрс нэмэгдсэн.

 

Нэр дэвшигчдийн саналын хувь их ойрхон гарлаа. Энэ талаар?

 

Ингэж ойролцоо дүнтэй гарсан тохиолдол ховор л доо. Учир нь өмнөх сонгуулиудад олон хүн нэр дэвшиж байсан болохоор саналын хувиуд зөрүү ихтэй гардаг байсан. Энэ удаад хоёрхон нэр дэвшигчтэй учраас ийм ойролцоо дүн гарсан гэж үзэж болно.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний сайн, муу талууд юу байв?

 

2009 оны нэгдүгээр сард оруулсан өөрчлөлт сайн нөлөө ихтэй байлаа. Тухайлбал, сонгогчдыг санал өгөх боломжоор заавал хангах, сонгуулийн хэсгийн хороо санал тоолсон дүнг хэлэлцсэн шийдвэрээ нутаг дэвсгэрийн болон салбар хооронд “нэн даруй” хүргүүлнэ гэхчлэн заалтууд улам тодорхой, боловсронгуй болгосон.

 

Нарантуул зах санал хураалтын өдөр ажиллаагүй нь сонгуулийн ирцэд нааштай нөлөөлж чадсан уу?

 

СЕХ-оос “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудтай ярьж, зохицуулахыг хүссэн. Тэд бидний энэ хүсэлтийг нааштай хүлээн авч, захыг ажиллуулахгүйгээр шийдсэн нь ирцэд сайнаар нөлөөлсөн. Харин 24-ний өдөр ажиллаж байгаа томоохон худалдааны төв, аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд саналаа тавьсан. “Сонгогчдод саналаа өгөх бололцоогоор нь заавал хангаж өгөх үүрэгтэй” гэсэн хуулийн заалт бий.

 

Мөн энэ өдөр хүчнийхэн бэлэн байдалд ажилласан нь иргэдэд багагүй түгшүүр төрүүлсэн. Энэ нь СЕХ-ны шийдвэр үү, эсвэл тухайн байгууллагын зүгээс авсан урьдчилсан арга хэмжээ байв уу?

 

Цагдаа, хүчний байгууллагад Сонгуулийн Ерөнхий Хороо албан ёсоор хандаагүй. Ер нь цагдаа, хүчний байгууллагынхан улс орны хэмжээнд болж байгаа томоохон кампанит ажлын үеэр өөрийн шугамаар арга хэмжээ авдаг. Бидний зүгээс ямар нэг албан тоот мэтийг явуулаагүй. Хуулийн хүрээнд урьдчилсан арга хэмжээ авсан байх гэж бодож байна.

 

Нөхөн сонгуулийг хэзээ зарлах вэ?

 

УИХ-ын 24 дүгээр тойргоос сонгогдсон гишүүн өөр ажилд шилжиж байгаа учир түүний оронд нөхөн сонгууль явуулах ёстой. Энэ нөхөн сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалт шууд үргэлжилнэ. Хугацааны хувьд орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлах учиртай. Орон тоо гарна гэдэг нь шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөөд, гишүүнээсээ чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм. Үүнээс хойш 14 хоногийн дотор УИХ-аас нөхөн сонгуулийн товийг зарлана.

 

“Өглөөний сонин”. 2009.05.28, №102

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.