Иргэдийн саналыг будлиангүйгээр тоолно

Хэвлэх

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 20 хоног үлдлээ. Сонгуулийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Бэлтгэл ажлын хүрээний ажлууд бүрэн хийгдсэн гэж үзэж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь гэж бий. Үүнийг СЕХ боловсруулж баталсан. Энэхүү хуваарийн дагуу ажил үргэлжилж байна. Сонгуулийн хууль ёсоор өнөөдрийн байдлаар сонгуулийн хороод байгуулагдсан. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн жагсаалтыг хаягийн дагуу гаргаад уг жагсаалтыг тулгах ажил үндсэндээ дуусч байна. Хуульд зааснаар нэрсийг санал хураах өдрөөс 15-аас доошгүй өдрийн өмнө сонгогчдод ил тавьж чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой. Энэ ажил 5 дугаар сарын 9-нөөс эхлэнэ. Сонгогчид нэр, хаягаа нэрийн жагсаалтад үнэн зөв бичигдсэн эсэхийг, миний нэр орсон байна уу, үгүй юу гэдгийг хэсгийн хороон дээр очиж шалгаж болох бололцоо олгож байгаа юм. Энэ ажил сонгуулийн санал хураах өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цэгцлэх ажил ямар шатанд явна?

 

СЕХ иргэний бүртгэлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг маань өмнөх сонгуулиудын үеэр гарч байсан будлиан зөрчлийг багасгах үүднээс иргэний бүртгэлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Энэ зорилгоор нэг сарын ажил зохион байгуулж, иргэний бичиг баримтын зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд баг, хорооны хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахдаа иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэл, шошгын тэмдэглэгээ болон иргэний бүртгэлийн хаягийн мэдээллийн сантай нягт уялдуулан шалгах ажлыг зохион байгуулж байна. Мөн шилжилт хөдөлгөөн хийсэн байдал, нас барсан, цэрэгт татагдсан, хорих ял эдэлж байгаа иргэдийг нэрийн жагсаалтаас баримтыг үндэслэн хасах ажлыг сонгуулийн өмнө хийж дуусгах ёстой. Эцсийн эцэст иргэн хүн хаана саналаа өгөхийг тодорхой болгох ёстой. Ингэснээр шилжилт хөдөлгөөн хийлгэх ажлыг СЕХ зохион байгуулж байна. Үүнээс гадна санал хураах байр, санал хураахад шаардагдах техник хэрэгсэл, хайрцаг, лац, саналын хуудас гээд бүх зүйлийг СЕХ сонгуулийн өмнө бэлэн болгох ёстой. Энэ чиглэлээр нутаг дэвсгэрийн хороодод үүрэг даалгавар өгөөд байна. Мөн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар хэв загварын саналын хуудсаар санал хураах вэ гэдгийг СЕХ хурлаараа хэлэлцэн батлаад байна.

 

Ямархуу загварын саналын хуудас байх бол?

 

Уламжлал болсон загвар хэвээр байгаа. Нэр дэвшигчийн хувьд хоёр нэр дэвшигч байгаа. Санал өгөх хуудсан дээр хоёр нэр дэвшигчийн овог нэрийг адил байдлаар сөөлжүүлэн бичнэ. Саналын хуудсан дээр нэг ижил дугаар тавигдана. Жишээ нь, хоёр нэр дэвшигчийн өмнө 1 гэсэн дугаар байна. Саналын хуудаст сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга  нар гарын үсэг зурж, тэмдэг дарах ёстой. Саналын хуудсын загварыг хуулиараа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө баталсан байх учиртай. Иймээс 5 дугаар сарын 3-наас өмнө бэлэн болгоно гэсэн үг. Мөн саналын хуудсыг хэвлүүлэх ажил байдаг. Энэ нь хуулийн хугацаатай. Тухайлбал, санал хураах өдрөөс 5-аас доошгүй өдрийн өмнө хэвлүүлээд сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэх ёстой. Ингээд саналын хуудас хүргэгдсэнээс хойш сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод хэсгийн хороодод сонгогчдын тоогоор цааш нь хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

 

Төрийн албан хаагчид хуулийн дагуу сонгуулийн ажилд оролцох ёсгүй. Энэ талаар СЕХ-д гомдол санал ирж байна уу?

 

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар гурван үндсэн хороо ажиллана. Тухайлбал, нутаг дэвсгэрийн хороо. Энэ хороо аймаг, нийслэлд байгуулагдсан. Эдгээрт нийтдээ 214 хүн ажиллаж байна. Мөн нийслэлийн дүүрэг, аймгуудын сумдад байгуулагдсан нийт 338 салбар хороонд 2225 хүн, анхан шатны нэгж болох хэсгийн хороодод 16126 хүн ажиллаж байна. Дээрх гурван хороонд нийт 18365 хүн ажиллаж байгаа юм. Хуулийн дагуу төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцох ёсгүй. Одоогоор СЕХ-нд энэ талаар ямар нэг гомдол мэдээлэл ирээгүй байна. Дээрх асуудлаар гомдол гаргах бол сонгуулийн хэсгийн хороондоо эхлээд гаргах ёстой. Хэсгийн хороо уг гомдлыг 3 хоногийн дотор авч хэлэлцэж хариуг нь гомдол гаргасан иргэн, байгууллагад өгөх учиртай. Хэрвээ тухайн хэсгийн хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараачийн шатны хороодод гомдлоо гаргах эрхтэй.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантай явуулахгүйн тулд СЕХ ямар арга хэмжээ авч байна вэ?

 

Сонгуулийг будлиагүй явуулах талаар СЕХ он гарснаас хойш бэлтгэл ажлын хүрээнд арга хэмжээнүүд авч эхэлсэн. Юуны өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг элдэв будлиагүй гаргах тал дээр анхаарсан. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газартай хамтраад ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг маань өмнөх сонгуулиудын үеэр гарч байсан бичиг баримтын зөрчлүүдийг энэ жил гаргуулахгүй байх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн. Албан тоотын гол агуулга нь гэвэл иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй иргэдийн судалгааг гаргах, иргэний үнэмлэхийг нь олгуулах ажлыг зохион байгуулж байна. Сонгуулийн үеийн гол будлиан санал тоолох үеэр гардаг. Иймээс энэ удаад дурс бичлэг хийж баталгаажуулахаар болсон. Ийм журмыг батлуулсан. Энэ журмын дагуу хамгийн гол нь яг санал тоолох тэр мөчийг бичих юм. Энэ удаад санал тоолох үйл ажиллагааг нэлээд журамласан. Тухайлбал, санал тоолохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч намуудын ажиглагчдыг байлцуулж, сонгуулийн тухайн хэсгийн хорооны гишүүд оролцохоор журамлаж өгсөн. Мөн дарга, нарийн бичгийн дарга нар юу хийх вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Саналын хуудсыг дарга, нарийн бичгийн дарга, сонгуулийн хэсгийн хорооны гишүүдэд нэг бүрчлэн харуулах замаар тоолно. Хэсгийн хорооны гишүүд нь саналыг тэмдэглэж авна гэсэн заалттай. Ажиглагчдын хувьд санал тоолох явцыг бүрэн ажиглаж хяналт тавих боломжтой. Ийнхүү журмаа барих юм бол иргэдийн саналыг будлиангүйгээр тоолох бололцоотой юм. Өнгөрөгч жилүүдийн сонгуулийн гол маргаан нь хороод дээр гарсан. Тухайлбал, саналын хуудсан дээр нэр дэвшигчийнхээ нэрийг хагас дутуу бичсэн байх жишээтэй. Гарын үсэг нь хагас дутуу байсан дуулдана лээ. Мөн санал тоололтын дүнг загварын дагуу гаргаагүй байсан гэх мэт. Эдгээрээс болоод гомдол маргаан их гарч байсан. Энэ жилийн хувьд СЕХ-ноос маягтуудын загварыг маш тодорхой болгон баталж өгсөн. Маягт бүрийн хуудас бүрт гарын үсэг зурж, тэмдэг дарахаар хийсэн учир дундаас нь хуудас алга болох, солих боломж байхгүй юм.

 

Сонгогчдын идэвхи ямар байгаа талаар СЕХ-ноос судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо АНУ-ын Азийн сан, Английн Элчин сайдын яамтай хамтран сонгогчдын дунд сонгуулийн ирц оролцооны талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь сонгуульд саналаа өгнө гэсэн дүн гарсан. Тийм учраас энэ удаагийн сонгуульд ирцийн хувьд айлтгүй, сонгууль хүчинтэй болно гэдэгт итгэлтэй байна.

 

Орон нутгийн оюутнууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа  өгөх үү?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо саяхан хуралдаад оюутан, цэргийн албан хаагчдын асуудлаар шийдвэр гаргасан. Үүний дагуу оюутнуудын орон нутагт байгаа сонгогчийн үнэмлэхэд шилжүүлэг хийж сурч буй сургуулийнх нь харъяаллын нутаг дэсгэрийн хороодод шилжүүлэх чиглэл өгсөн.

 

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв зардал хүрэлцэх үү?

 

Иргэд сонгогчид мэдэж байгаа байх, энэ жилийн сонгуулийн төсөв бага хэмжээтэй батлагдсан. Уг нь 7.6 тэрбум төгрөг УИХ-д оруулсан. 4 тэрбум батлагдсан.

 

Саналын хайрцгийн лац ломбо, гарын тэмдэглэгээ ямар байх вэ?

 

Саналын хайрцгийн түр лацыг АНУ-ын Азийн сан, Английн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хийлгээд бэлэн болгосон. Хүмүүсийн хуруун дээр тэмдэглэгээ хийх бэхийг Энэтхэг улсаас авсан.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа ид хийж байна. Тэдний хууль зөрчсөн талаархи ямар нэгэн мэдээлэл СЕХ-нд ирж байна уу?

 

Хуулиараа СЕХ-ны дэргэд Хэвлэл мэдээллийн зөвлөл ажиллах ёстой. Энэ заалтын дагуу Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлсэн намын төлөөлөл, мөн хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоотой уг зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих ёстой. Нэр дэвшигчийн сурталчилгааны талаархи өргөдөл гомдлыг зөвлөл дээрээ хэлэлцээд СЕХ-нд оруулж ирэх ёстой. Одоогоор СЕХ-нд сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй.

 

                                                 “Монцамэ мэдээ”. 2009.05.05. Б.Цэрэннамжил




Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.