Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхийг тусгаагүй

Хэвлэх
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа болон гарч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ямар шатандаа явж байна вэ?

 

Өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Би ажлаа аваад хуулиа уншиж судлах, түүнд нийцүүлсэн заавар зөвлөмж гаргахад гол анхаарлаа хандуулж байна. Манай СЕХ-ны ажилтнууд энэ сард семинар хийсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах, нутаг дэвсгэрийн хорооны ажилтнуудад түүнийгээ хүргэх талаар ажиллаж байна. Мөн гарын авлагаа ямар загвараар гаргах, протокол хэрхэн хөтлөхөө семинараар сайтар зөвлөлдөж тогтоосноор маргаан будлиан гарах нь бага байх болно.

 

Одоогийн байдлаар аль намаас хэн нэр дэвших талаар Танд мэдээлэл ирж байна уу?

 

Сонгууль зарласан өдрөөс 5 хоногийн дотор намууд нэр дэвшигчээ зарлана гэж заасан. Түүнийг СЕХ батламжлана. Тэгэхээр хуулийн хугацаанд буюу 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 5-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах болж байна. Нэр дэвшигч 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил эх орондоо тасралтгүй амьдарсан Монгол улсын иргэн байна гэж заасан байдаг шүү дээ.

 

Намын харъяалалд өөрчлөлт орсон эсэхийг тодорхой заасан уу? Жишээлбэл, 2 том намаас “гологдсон” нэр дэвшигч ИЗН юм уу, МНН-аас гараад ирэх магадлалтай юу?

 

Нэр дэвшигчийг дахин тодруулахгүй гэж заасан. Нэг намаас нэр дэвшигчээр тодроод больж өөр намаас нэр дэвшихээр гарч ирэх боломжгүй гэсэн үг.

 

Сонгуульд зориулсан дөрвөн тэрбумын төсөв хүрэлцээ хэр байна?

 

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 636 сая төгрөгөөр явуулж байсан баримт бий. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг явуулахад гарсан зардлыг жишиж Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 тэрбум төгрөгт багтаан явуулахаар баталсан. Гэхдээ мэдээж зарим дутагдал гарч байна. Бид орон нутагт ажиллах ажилтнуудынхаа урамшууллыг хасах маягаар хэмнэлт гаргаж байна.

 

Урамшууллаа хасуулсан ажилтнууд нэр дэвшигчийн зүгээс өгөх авлигад автах нь хялбар болох байх даа?

 

Сонгуулийн ажилтнууд нэр дэвшигчийн талд ажиллах, авлига авсан нь нотлогдвол хүлээх хариуцлага гэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн арав дахин нугалж торгууль төлөхөөр заасан. Тэгэхээр тэр ажилтан авснаасаа илүү их торгуульд орохгүйн төлөө хууль бус үйлдэл хийхгүй байх.

 

Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад гол будлиан маргаан гардаг. Нас барсан 11000 хүн санал өгсөн тухай мэдээлэл хүртэл гарсан. Та бүхэн үүнийг давтахгүйн тулд ямар ажил хийж байна вэ?

 

Одоогийн байдлаар ИБМУТ-өөс сонгуулийн насны хүний тоог аваад байна. Энэ тоо 5 дугаар сарын 24 хүртэл өөрчлөгдөнө. Сонгуулийн өдөр болоход 100000 иргэн 18 нас хүрэх тооцоо бий. Тэгэхээр нийт 1.6 сая иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй болно гэсэн урьдчилсан дүн гараад байна.

 

Хууль зөрчсөнийг нь баримтаар нотлоод байхад Сонгуулийн Ерөнхий Хороо хариуцлага хүлээлгэж чадалгүйгээр дүнг гаргасан тохиолдол өнгөрсөн сонгуулийн  үед их гарсан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд энэ үзэгдэл давтагдвал яах вэ?

 

Ерөнхийлөгчийн сонгуульд ийм зөрчил гаргахгүй байх талаар бид бүх талаас нь анхаарч байна. Өмнө нь хууль зөрчөөд гарч ирсэн гэдгийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр нэлээн ярьсан, арга хэмжээ авч чадаагүй нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хариуцлагын талаар тодорхой заасан. Торгуулийн арга хэмжээ. Торгуулийг сум дундын болон дүүргийн шүүхийн шүүгч онооно гэж заасан.

 

Та хэд хэдэн сонгуульд нэр дэвшигчийн хувиар оролцож байсан. Одоо сонгуулийг зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан болсон. Хуримтлуулсан туршлага ажилд чинь хэрэг болж байна уу?

 

Би 1996 оноос хойш сонгуульд оролцож байсан. Орон нутгийн хуралд анх нэр дэвшиж, сонгогдож, ялагдаж явлаа. Тэгэхээр шат шатны сонгуульд оролцсон туршлага маань надад эмхэтгэж, хэвлэгдээгүй зөвлөмж болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ч ажиллаж байлаа. Ер нь сонгуульд гарч болзошгүй зөрчлүүдийн талаар мэдэх учраас үүнээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Нутаг дэвсгэрийн хороонд зөвлөмж, ажиллах заавраа хүргэж, тэр дагуу ажиллахад зөрчил будлиан гарахгүй гэж найдаж байна.

 

Өнгөрсөн СЕХ-ны удирдлагууд маргаантай асуудалд хоёр намын байр сууриа баримталж ханддаг нь илэрхий байсан. Таны хувьд хэдийгээр намаасаа түдгэлзсэн ч баримтлах тал нь АН руу хэвийх үү?

 

СЕХ есөн гишүүнтэй. Тэд ажил авсан өдрөөсөө эхлэн намаасаа түдгэлзсэн байгаа. СЕХ-ны гишүүд Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжид нийцүүлэн ажиллана гэж тангараг өргөдөг. Би хувьдаа өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, нам тал руугаа хэвийхгүй.

 

СЕХ-ны ажилтнууд сонгуулийн бус жилүүдэд юу хийдэг вэ?

 

Сонгуулийн жилүүдэд СЕХ-ны ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг. Манай ажилчид УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд шууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд орсон. 2008 оныхоо ээлжийн амралтыг авч чадаагүй байгаа. 1 дүгээр сард батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд л гэхэд маш их цоорхой байна. Би гишүүн байсан хүний хувьд хуулийн заалтуудыг сайн хянаж уншиж үзлээ.

 

Тухайлбал ямар зүйл заалт учир дутагдалтай байна?

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зардал төсөвлөхдөө ухуулагч, ажиглагчийн үнэмлэх, сонгогчдын нэрийн жагсаалт, дүнг жагсаах хуудас, тэмдэг тавих бэх, тэдгээрийг тээвэрлэх зардал гэх мэтийг оруулсан хэрнээ гол зүйл болох сонгогчийн үнэмлэх, саналын хуудас хоёроо зааж өгөөгүй байх жишээтэй. Мөн нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой байдаг. Гэтэл хуульдаа үүнийг орхигдуулсан байна. Авлигатай тэмцэх хуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө гэж заасны дагуу л энэ баримтыг бүрдүүлэх болж байна. Мөн УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн тухай хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлага гарч байна.

                                                                            “Хүмүүс” сонин. 2009.03.16,  № 10




Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.