Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ирэх сарын 5-нд тодорно

Хэвлэх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинэ он гарсны дараахан УИХ өөрчлөлт оруулсан билээ. Хуульд орсон өөрчлөлт болон 5 дугаар сарын 24-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

 

Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртсөн энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг ч багасгах талаар ярьж байна. СЕХ-нд албан ёсоор сонгуулийн зардлыг танах талаар мэдэгдсэн үү?

 

УИХ-ын 2008 оны сонгуулийг 7.2 тэрбум төгрөгөөр явуулсан байдаг. Тиймээс энэ хэмжээнд хөрөнгө шаардагдах болов уу гээд СЕХ саналаа оруулсан. Харин УИХ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр баталж өгсөн шүү дээ. Бид энэ мөнгөнд тааруулж сонгууль явуулах зардлын хуваарилалтаа хийж байна. Зах зээлийн ханшаа бодсон ч дахиж танавал хүндрэх нь ойлгомжтой.

 

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 600 гаруй сая төгрөгт явуулсан болохоор төсвийн тодотголоор 4 тэрбумаас хасах гэж байгаа юм биш үү?

 

Манайд мэдэгдсэн юм алга. 4 тэрбум төгрөгийг 1 сард л баталж өгсөн шүү дээ. Хасахгүй байхаа. Яагаад гэвэл 2005 оны үнэ ханшийг өнөөдөртэй харьцуулахад тэс ондоо. Наанадаж шатахууны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна. Мөн тухайн үед 1 саналын хуудсыг 40-50 төгрөгт хэвлүүлж байсан бол өнөөдөр доод тал нь 200 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлээ дагаад өсч байна. Мөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн хөрөнгө шаардагдах зардал суулгаж өгсөн шүү дээ. Сонгуулиар ажилласан хүмүүст урамшуулал, буцалтгүй тусламж олгох заалт нь зардал өсөх бас нэгэн шалтгаан болсон. Харин ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 3.2 тэрбумаар бага байхад СЕХ хямралтай үед баталж өгсөн төсөвт нь багтаах гээд зүтгэж байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэдэн хүн ажиллах болоод урамшуулалд зардлын ихэнх нь үрэгдэнэ гэж?

 

Сонгуулийн нутаг дэсвгэрийн 30 хороо, 340 салбар хороо, 1700 хэсгийн хороонд нийлээд 20000 хүн ажиллана гэсэн тооцоо хийсэн. Энэ хүмүүст урамшуулал олгохын зэрэгцээ үнэмлэх хэвлүүлэх гээд зардал мундахгүй.

 

Сонгуулийн кампанит ажил хэзээнээс эхлэх вэ? Нэр дэвшигчид хэзээ тодорч дуусах бол?

УИХ 3 дугаар сарын 25-ны өдрөөр сонгууль зарласан. Энэ хугацаагаар намуудын нэр дэвшигчид 4 дүгээр сарын 5-ны дотор тодорно. Сурталчилгаагаа сонгуулийн санал хураах өдрөөс 24 цагийн өмнө хүртэл явуулах эрхтэй.

 

Сонгогчдын хувьд хэдэн хүн санал өгөх эрхтэй байгаа вэ? Иргэний бүртгэл дээр нэлээд маргаад байгаа шүү дээ.

 

Манайх Үндэсний статисткийн хороо, ИБМУТ-тэй хамтарч ажиллаж байна. Сонгогчдын зөрүү багатай гаргах үүднээс хамтарсан ажлын хэсгүүд байгуулсан. Урьдчилсан тоогоор энэ оны эхний өдөр Монгол Улсад сонгуулийн насны 1579981 хүн байна. Харин Ерөнхийлөгчийн сонгууль болох өдрөөс өмнө 18 нас хүрэх хүнийг тооцвол сонгогчийн тоо 1601563 болж байгаа. Гэхдээ одоогоор сонгогчдын тоо эцэслэн гарах болоогүй.

 

Гадаадад байгаа иргэд саналаа өгч болох уу?

 

Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр “Санал хураалтад эх орондоо байгаа 18 нас хүрсэн иргэн оролцоно” гэж заасан. Тэгэхээр гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах хууль, эрх зүйн боломжгүй юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай явна гэсэн хуулийн заалт бий. Энэ ямар учиртай заалт вэ?

 

Эхний үе шат нь иргэд нийтээрээ, чөлөөтэй, нууцаар Ерөнхийлөгчөө сонгохыг хэлдэг. Харин сонгуулийн хоёр дахь шат бол ард түмнээс олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ  гаргаж хүлээн зөвшөөрч хууль гаргахыг хэлнэ. 

 

Хэрэв УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

 

Нийт ард түмэн хүлээн зөвшөөрсөн болохоор УИХ хууль гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ёсчилж байгаа гэсэн үг.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол  хуулийн ямар зохицуулалттай вэ? Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогийн дүн өнөөг хүртэл шүүхийн шийдвэр эцэслээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байна. Ийм тохиолдол гарвал яах вэ?

 

Хуулиар санал хураалтаас хойш 5 хоногийн дотор сонгуулийн дүнг гаргах ёстой. Цөөн нэр дэвшигчтэй болохоор элдэв маргаан гарахгүй байх. Тойрог нь Монгол Улсын хэмжээгээр болохоор хүндрэл үүсэхгүй болов уу. Мэдээж хэн нэгэн гомдол гаргавал шүүхийн шийдвэр эцэслэн гартал явна. Хуульд энэ талаар нарийн заагаагүй юм билээ.                                                                                   

                                                        “Үндэсний шуудан” сонин. 2009.03.03, № 047. Ч.Ган





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.