Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгууль

Хэвлэх2019.06.09

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийт хүн ам 2019 оны эхний байдлаар 18,592,970 байсан бөгөөд сонгуулийн ирц 81.57% байлаа.

 

Тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 1990 оны 04-р сард Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Үүнээс өмнө Казахстаны Зөвлөлт Социалист улс болон Коммунист намын төв байгууллагад удирдах албан тушаал хашиж байжээ.Назарбаев нь 5 удаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан. Тэрээр 2019 оны эхээр Ерөнхийлөгчийн албан үүргээ Нур-Отан намын гишүүн Токаев  Касим Жомартад шилжүүлсэн билээ.

 

Нурсултан Назарбаев парламентын танхим, Ерөнхий сайд, улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр санал хураалт явуулах тухай шийдвэрлэсэн байна. Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдах тухай Ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад байсан ЖомартТокаевзарлахдаа“Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлагатай бөгөөд сонгууль шударга, нээлттэй болох ёстой” хэмээн онцлон тэмдэглэж байв. 

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдөхөөр 9 нэр дэвшигч Сонгуулийн төв комисст материалаа хүргүүлснээс 1 нэр дэвшигч нь нэрээ татсан бол 1 нь казах хэлний мэдлэг хангалтгүй байсан гэсэн шалтгаанаар хасагдаж, үлдсэн 7 нэр дэвшигчийг Сонгуулийн төв комисс бүртгэсэн тухай шийдвэр гаргасан байна. Үүнд:

 

1. “Нур Отан” Намаас нэр дэвшигч Токаев КасымЖомарт

2. “Илы Дала Кырандары” Намаас нэр дэвшигч Сади-Бэк Тугэл  

3. Казахстаны Бүгд Найрамдах Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос нэр дэвшигч Амангелды Таспихов

4. “Ак жол” Ардчилсан Намаас нэр дэвшигч Даныяа Еспаева  

5. “Аыл Ардын Ардчилсан Патриот Нам"-аас нэр дэвшигч Толеутай Рахимбеков  

6. Коммунист Ардын Намаас нэр дэвшигч Жамбыл Ахметбеков   

7. Улт Тагдыры Намаас нэр дэвшигч Амиржан Коссанов нар болно.

 

Тус улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу анхан шатны сонгуулийн дүнгээр аль ч нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалтыг хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд зохион байгуулна.  

 

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зардлыг төрөөс олгох тухай тогтоолыг Сонгуулийн төв комиссоос баталсан байна. Зардлын төсөвт кампанит ажил зохион байгуулах, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, СТК-оос гаргасан унааны зардал зэрэг орсон ба нэг нэр дэвшигчид ногдох зардал нь 7,331,200 казах тенгэ /19.070 ам.дол/ байхаар тооцжээ. Мөн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа дараах хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан явуулахад шаардагдах зардлыг оруулсан байна. Үүнд:

·         Телевизийн нэвтрүүлэг – 15 минут;

·         Радиогийн нэвтрүүлэг   – 10 минут;

·         Сэтгүүл болон цахим сайтад - 2 нийтлэл хэвлүүлэх зэрэг болно.

 

Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар нийт 1013 гадаадын ажиглагч бүртгүүлж үнэмлэх авснаас 866 нь олон улсын байгууллага (Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл-CIS, ЕАБХАБ/АИХЭА-OSCE/ODIHR)-ын төлөөлөгчид байсан бол 41 орноос 147 гадаадын ажиглагч иржээ.  

 

2019 оны 6-р сарын 09-ний Ням гаригт болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалтад сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт 11,960,364  сонгогчдоос 9,274,110 сонгогч оролцож, сонгогчийн ирц 77.5%-тай байсан тухай Сонгуулийн төв комиссоос мэдээлсэн юм.  

 

Санал авах өдөр улс даяар нийт 9920 санал авах байр өглөөний 8.00 цагт нээгдэж санал хураалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газруудад нийт 48 санал авах байрыг нээн ажиллуулсан байна. Тус улсын баруун зүгийн 5 мужид орой 20.00 цагт санал хураалт дуусч, бусад нутгуудад цагийн бүсчлэлээс хамааран 21.00 цагт санал хураалт дуусч санал авах байрууд хаагдсан байна.

  

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дараа сонгуулийн эцсийн дүнг зарлахаар заасан бөгөөд сонгуулийн маргааш өдөр буюу 6 дугаар сарын 10-нд Казахстаны Сонгуулийн төв комиссоос танилцуулсан дүнгээр, “Нур Отан” намаас нэр дэвшигч Токаев КасымЖомарт нийт сонгогчдын 70,96%-ийн саналыг авч бусад 6 өрсөлдөгчөөсөө илт давуу байдлаар ялалт байгуулан Үндсэн хууль (1995 он)-ийн “Сонгуулийн тухай” заалтын дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр 1953 онд төрсөн Нур Отан намын гишүүн юм. 

 

Харин Улт Тагдыры намаас нэр дэвшигч Амиржан Коссанов16,23%-ийн саналаар удаалж, бусад нэр дэвшигч тус бүр дараах саналыг авсан байна. Үүнд: 

“Ак жол Ардчилсан намаас нэр дэвшигч Даныяа Еспаева 5,05%,

“Аыл Ардын ардчилсан патриот нам"-аас нэр дэвшигч Толеутай 3,04%,

"Казахстаны Бүгд Найрамдах Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо"-оос нэр дэвшигч Амангелды Таспихов 1,98%,

 “Коммунист ардын нам”-аас нэр дэвшигч Жамбыл Ахметбеков 1,82%,

 “Илы Дала Кырандары” намаас нэр дэвшигч Сади-Бэк Тугэл 0,92%-ийн санал авсан байна. 

 

БНКаУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландины өгсөн мэдээллээр, Монгол Улсад түр оршин суудаг тус улсын сонгогчид 93.1 хувийн ирцтэй сонгуульд оролцжээ. 

 

Эх сурвалж:

·         Казахстан Улсын Сонгуулийн төв комиссын цахим хуудас

·         24tsag.mn вэбсайт








Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.