КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ

Хэвлэх2019.06.10

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийт хүн ам 2019 оны эхний байдлаар 18,592,970 байсан бөгөөд энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцсон сонгогчдын ирц 81.57 %-тай байлаа.

 

1990 оны 4-р сард явагдсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиарНурсултан Назарбаев тус улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба нийт 5 удаа сонгогдон ажиллаж байв. 2019 оны 3-р сард Ерөнхийлөгчийн албан үүргээ Парламентын даргаар ажиллаж байсан Жомарт Токаевт хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн юм.

 

Тус улсын Үндсэн хуулийн дагуу Жомарт Токаев нь өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуустал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан хэдий сөрөг хүчний нам болох Казахстаны бүх үндэстний социал-демократ намын шаардлагаар, түүнчлэн Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, парламентын танхим, Ерөнхий сайд, улс төрийн намуудын удирдлагатай зөвлөлдсөний эцэст Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг  6 дугаар сарын 9-нд явуулахаар шийдвэрлэсэн тухай Ерөнхийлөгч ЖомартТокаев зарлан, “Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах нь үүсээд байгаа тодорхойгүй байдлыг арилгахад зайлшгүй шаардлагатай бөгөөд сонгууль шударга, нээлттэй болох ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 9 нэр дэвшигч Сонгуулийн төв комисст баримт бичгээ ирүүлснээс 1 нэр дэвшигч нь нэрээ татсан бол 1 нэр дэвшигч Казах хэлний шалгалт өгөөгүй байсан тул хасагдаж, сонгуульд өрсөлдөх 7 нэр дэвшигчийг Сонгуулийн төв комисс бүртгэсэн байна. Үүнд:

 

1. “Нур Отан” намаас нэр дэвшигч Токаев Касым Жомарт

2. “Илы Дала Кырандары” намаас нэр дэвшигч Сади-Бэк Тугэл  

3. Казахстаны Бүгд Найрамдах Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос нэр дэвшигч Амангелды Таспихов

4. “Ак жол Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Даныяа Еспаева  

5. “Аыл Ардын ардчилсан патриот нам"-аас нэр дэвшигч Толеутай Рахимбеков  

6. Коммунист ардын намаас нэр дэвшигч Жамбыл Ахметбеков   

7. “Улт Тагдыры нам”-аас нэр дэвшигч Амиржан Коссанов.

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу анхан  шатны сонгуулийн дүнгээр аль ч нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд хоёр дахь шатны сонгуулийг хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд зохион байгуулна. Сонгуулийн төв комиссоос нэр дэвшигчид дараах хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардлыг улсын төсвөөс олгох тухай тогтоол баталсан байна. Үүнд:

·         Телевиз – 15 минут;

·         Радио    – 10 минут;

·         Сэтгүүл болон цахим сайтад - 2 нийтлэл

 

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг 2019 оны 5-р сарын 29-ний өдөр зохион байгуулж, “Хабар” телесувгаар шууд дамжуулан үзүүлжээ. Мэтгэлцээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 хүн өөрсдийн биеэр (Жамбыл Ахметбеков, Амиржан Косанов, Амангельды Таспихов, Садыбек Тугел) оролцсон бол 3 нэр дэвшигч нь (Даныяа Еспаева, Толеутай Рахимбеков, Касым-Жомарт Токаев) өөрсдийн төлөөний хүнээ оролцуулжээ. Мэтгэлцээн 3 хэсэгтэй явагдаж, нэр дэвшигчид болон тэдгээрийн төлөөлөл 1 дэх хэсэгт тус улсын боловсролын салбарын хөгжлийн талаар, 2 дахь хэсэгт нийгмийн шинэтгэлийн асуудлаар, 3 дахь хэсэгт мэтгэлцээнд оролцогчид бусад аль нэг 2 оролцогчдодоо асуулт тавьж байжээ.    

 

Мөн түүнчлэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зориулан төрөөс олгох зардлын төсөвт кампанит ажил зохион байгуулах, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, СТК-оос гаргасан унааны зардал зэрэг орсон байна. Эдгээр зардал нь нэр дэвшигчид 7,331,200 казах тенге /19.070 ам.дол/ байхаар тооцжээ.  

 

Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар нийт гадаадын 1013 ажиглагч бүртгүүлж үнэмлэхээ авсанаас 866 нь олон улсын байгууллага /Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл - CIS, ЕАБХАБ/АИХЭА/-ын төлөөлөгчид байсан бол 147 нь 41 орны сонгуулийн байгууллагын болон бусад ажиглагчид байжээ.  

 

Сонгуулийн төв комиссоос 6 сарын 9-ний 22 цагийн байдлаар танилцуулсан мэдээгээр, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар нийт 11,947,995 сонгогчид саналаа өгч, сонгогчдын ирц 77,4%-тай байжээ. Улс даяар 9920 санал авах байр сонгуулийн өдөр 8.00 цагт нээгдэн санал хураалтыг эхлүүлсэн бөгөөд гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газруудад 48 санал авах байрыг нээн ажиллуулсан байна. Санал хураалт тус улсын баруун зүгийн 5 мужид 20.00 цагт дууссан бол газар нутгийн цагийн бүсчлэлээс хамааран 21.00 цагт бүх санал авах байрууд хаагдсан байна.

  

Астана таймссонинд  тус улсын “Олон нийтийн санаа бодол Институт”-ийн судалгааны дүнгээр нэр дэвшигч “Нур Отан” намаас нэр дэвшигч Токаев КасымЖомарт нийт сонгогчдын 70,13%-ийн саналаар бусад 6 өрсөлдөгчөөсөө илт олон саналыг авсанаар ялалт байгуулж, Улт Тагдыры намаас нэр дэвшигч Амиржан Коссанов15,39%-ийн саналаар 2-т орж байгаа бол “Ак жол Ардчилсан намаас нэр дэвшигч Даныяа Еспаева 5,32%, Коммунист ардын намаас нэр дэвшигч Жамбыл Ахметбеков 3,86%, “Аыл Ардын ардчилсан патриот нам"-аас нэр дэвшигч Толеутай 3,03%, "Казахстаны Бүгд Найрамдах Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо"-оос нэр дэвшигч Амангелды Таспихов 1,41%, “Илы Дала Кырандары” намаас нэр дэвшигч Сади-Бэк Тугэл 0,86%-ийн саналыг тус бүр авсан тухай мэдээлжээ.

 

Казахстаны Сонгуулийн төв комисс сонгуулийн урьдчилсан дүнг 6 дугаар сарын 10-ны өдөр зарлах бөгөөд Сонгуулийн тухай хуулинд сонгууль явагдсанаас  хойш 10 хоногийн дараа сонгуулийн эцсийн дүнг зарлана гэж заажээ.

 

 

Эх сурвалж: Казахстаны Сонгуулийн төв комисс

Астана таймс сонин 






Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.