Монголын сонгуулийн туршлага их хэрэг болсон гэв

Хэвлэх

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын сонгуулийг ажиглаад ирсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй уулзаж ярилцлаа.

 

           

-Киргизийн парламентын сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооны ажиглагчид ажиглаад иржээ. Юуг голлон ажиглав.

 

-БНКирУ-ын парламентын сонгууль 10 дугаар сарын 4-ний өдөр боллоо. Уг сонгуульд олон улсын ажиглагчаар 60 гаруй орны 600 гаруй хүн ажилласан байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэхэд л 300 гаруй ажиглагч явуулжээ. УИХ-ын гишүүн Л.Болд, манай Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат, Консулын газрын ажилтнууд нэг баг болж ажиллав. Бид сонгуулийн өдөр сонгуулийн 4 хэсэгт санал авах ажиллагааны нээлт, хаалт, санал авах үйл ажиллагаа, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох техник хэрэгсэлтэй танилцлаа.


Киргиз Улсын 5.7 сая орчим хүн амын 2.7 сая орчим сонгуулийн насны хүн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 60 хувь нь сонгуульд оролцлоо гэж Киргизийн Сонгуулийн хорооноос мэдээлж байсан.


Сонгуулийн 2338 хэсэг буюу санал авах байр ажилласан. Үүнээс гадаадын 26 улсад 35 хэсэг ажиллаж гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулсан байна.

           

 -Эднийх  сонгуулиа ямар тогтолцоогоор явуулав? 

 

БНКирУ-ын Парламент /Жогорку Кенеш/ 120 гишүүнтэй 5 жилийн хугацаатайгаар сонгогддог, сонгуулийн тогтолцоо нь 100 хувь пропорциональ юм байна. Өөрөөр хэлбэл, сонгогч саналын хуудаст бичигдсэн 14 намаас зөвхөн нэгийг сонгож санал өгнө гэсэн үг. 14 нам оролцсоноос 6 нам 7 хувийн босго давж парламентад суудал авах боломжтой болсон тухай Киргизийн Сонгуулийн төв хорооноос мэдээлж байв.

 

-Сонгуульд шинэ техник хэрэгсэл  анх удаа ашигласан гэсэн? Манайхтай адил юм уу?

 

УИХ-ын 2012 оны болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар БНКирУ-ын Сонгуулийн төв хорооны төлөөлөгчид манай сонгуулийг ажигласан. Түүнээс гадна БНКирУ-ын төр, засгийн болон намуудын удирдлага манай сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох машиныг үзэж ажиллагаатай нь танилцсан. Энэ сонгуулиараа БНКирУ манай туршлагыг хэрэгжүүлж иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник хэрэгсэл  анх удаа ашиглалаа.


 Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь манайхтай адил боловч сүүлийн үеийн хэлбэр дизайнтай, үйл ажиллагааны хувьд боловсронгуй техник хэрэгсэл ашиглав. Иргэний шинэчилсэн бүртгэлийн тоног төхөөрөмж, программ хангамжийг Германаас авсан бөгөөд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг Японы ЖАЙКА байгууллага, санал авах, тоолох машины иж бүрдлийг БНСУ-ын Засгийн газрын тусламжаар санхүүжүүлж ашигласан байна.


Манай хэрэгжүүлсэн сонгуулийн шинэчлэл, үйл ажиллагаанаас туршлага авч сонгуулийнхаа үйл ажиллагаанд техник хэрэгсэл ашигласан нь амжилттай боллоо. Монголын туршлага их хэрэг болсон гэж Киргизийн тал дүгнэж байна лээ.


Сонгуулийн үйл ажиллагаандаа техник хэрэгсэл ашигласнаар сонгуулийн урьдчилсан дүн санал авах байр хаагдсанаас хойш бараг 1 цагийн дотор Киргиз Улс даяар нэгтгэгдсэн байлаа.

 

-Сонгуулиар техник хэрэгсэл ашиглахын зэрэгцээ хяналтын тооллого хийж байна уу?

 

Манайд бол УИХ-ын сонгуулийн хуулиар хяналтын тооллого хийх заалт байхгүй шүү дээ. Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал авах, тоолох техник хэрэгсэл ашиглаад гарсан үр дүнг баталгаажуулах үүднээс хяналтын тооллого хийх саналыг тэр үеийн Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт тавьж байсан боловч ажлын хэсэг манай саналыг аваагүй юм. Харин БНКирУ-д сонгуульд оролцож буй нам тоолуулах хүсэлт гаргавал хяналтын тооллого хийдэг юм байна. 

 

-Гомдол маргаан  гарах юм уу?

 

Тойрогт нэр дэвшигч байхгүй зөвхөн намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа болохоор гомдол маргаан харьцангуй бага гарсан гэсэн.Сонгууль их тайван нөхцөлд явагдсан.

 

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Киргизээс авч болохоор ямар туршлага байна вэ?

 

Тэд хяналтын тооллого хийхийн сацуу сонгогчийн ирцийг ирсэн хувиар хүчинтэйд тооцож байв. Бид УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал дээрхи зүйлийг харгалзах  нь зөв болов уу.







Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.