Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж ярилцлаа.

Хэвлэх

Сонгуулийн бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?     

 

Өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн тухай хууль батлагдан, мөрдөгдөж байна. УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн жил 1 дүгээр сарын нэгнээс эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо сонгуулийн санал авах өдөр хүртэл үндсэндээ 3 сар ч хүрэхгүй хугацаа үлдлээ. УИХ-аас Сонгуулийн тухай хуульд заасан хугацааг баримтлан санал авах өдрийг 6 дугаар сарын 29-ний Лхагва гаригт байхаар тогтоосныг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу тодорхой ажлууд хуулийн хугацаандаа хийгдэж байна.

 

Ямар ажлууд хийгдээд байгаа талаар товч дурьдахгүй юу?

 

Ер нь цаг хугацааны хуваарийг гаргахдаа санал авах өдөр болох 6 дугаар сарын 29-ний өдрөөс урагш нь тооцож хийх ажлын хугацааг тогтоосон юм. Хуулийн заалтууд ч ийм байгаа. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас болон аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс УИХ-ын сонгуулийн тойргууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргуудыг тус тус байгуулсан. Улсын хэмжээнд сонгуулийн хэсгүүд байгуулагдсан, мандатын тоог тогтоосон, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, цахим хуудастаа байрлуулсан. Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоосон, нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэлийн аудитын газрууд тойрог тус бүрээр тогтоож өгсөн зэрэг олон ажлууд хийгдээд байна. Орон нутагт сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог энэ сарын 25-н гэхэд тогтоож дуусах ёстой. Одоогоор 12 аймаг, нийслэлд мандатын тоогоо тогтоосон, 9 аймагт тогтоогоогүй байна. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв болон салбар комиссууд байгуулагдлаа.

Улсын Их Хурлаас хаврын чуулган нээгдсэний дараа саяхан сонгуулийн товыг 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэхээр зарлаад байна. Мөн 2016 оны УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зардлыг эцэслэн баталлаа.

 

Сонгуулийн хороодыг хэзээ байгуулах вэ?

 

Сонгуулийн тухай хуульд шинээр орсон заалтаар бол байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид сургалтад хамрагдаж, сертификат авсан байх ёстой. Сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж, сертификат олгох юм. 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн манай Ажлын албаны болон Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд 4 баг болон улсын хэмжээнд сургалт явуулж эхлээд байна. 4 дүгээр сарын 15-н гэхэд сургалт дуусна. Сургалтыг аймаг бүрт очиж зохион байгуулж байгаа юм. Сургалт дууссаны дараа сонгуулийн хороодыг хуулийн хугацаанд шат шатандаа байгуулах болно.

 

Ойрын үед хийгдэх ажил юу байгаа вэ?

 

Түрүүн хэлсэн, сонгуулийн хороод байгуулагдана. Сонгуулийн тухай хуульд зааснаар 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө нам, эвсэл, сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх ёстой. Мөн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Энэ чиглэлээр Үндэсний аудитын газар, Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран ажиллаж байна. Үүний дараа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх ёстой. Ингээд 5, 6 дугаар сард сонгуулийн бэлтгэлтэй холбоотой ажлууд сонгуулийн байгууллагуудын хувьд ч тэр, нам, эвсэл, нэр дэвшигчдийн хувьд ч тэр цаг наргүй өрнөсөөр санал авах өдөр хүртэл үргэлжлэх болно. Сонгогчдын зүгээс ч ялгаагүй нэрийн жагсаалтад өөрсдийнхөө нэрийг байгаа эсэхийг эртхэн тулган үзэж, цэгцлэх ёстойг анхаарах хэрэгтэй юм.

 

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх болон нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулж өгнө үү.

 

Нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө багтаж Сонгуулийн Ерөнхий Хороонд, аймаг, нийслэл дэх намын салбар байгууллага нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ мөн энэ хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд тус тус бичгээр ирүүлэх ёстой. Нам Сонгуулийн Ерөнхий Хороонд бичгээр ирүүлэх хүсэлтдээ 10 нэр төрлийн баримт бичгийг, эвсэл нь 11 нэр төрлийн баримт бичгийг тус тус хавсаргах ёстой юм. УИХ-ын сонгуулийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд, Орон нутгийн сонгуулийн тухайд мөн хуулийн 153 дугаар зүйлд тус тус энэ талаар тодорхой заасан байгаа.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 5 хоногт багтаан, өөрөөр хэлбэл, 5 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө бүртгэх эсэх тухай шийдвэр гаргаж, батламж олгоно. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж ирүүлэх баримт бичгээ нэгд нэгэнгүй бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Мөн сонгуульд оролцох нам нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстойг хэлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Энэ нь эвсэлд нэгдэн орсон намд ч нэгэн адил хамаарна.


Нэр дэвшүүлэх асуудлыг нам, эвслээс нэр дэвшүүлэх, бие даан нэр дэвшүүлэх гэж авч үзэж болно. Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн хугацаанд дуусгах буюу 2016 оны 5 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын 9-ний хооронд явуулна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тухайд нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтааж буюу 5 дугаар сарын 14-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. 


Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн тухайд нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтааж буюу 5 дугаар сарын 12-ны өдрийн орон нутгийн цагаар 17.00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх ёстой.


Бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаагаа мөн санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгах буюу 5 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын 11-ний хооронд явуулна. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш холбогдох баримт бичгээ 5 хоногт багтааж буюу 5 дугаар сарын 16-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч холбогдох баримт бичгээ нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтааж буюу 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орон нутгийн цагаар 17.00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.


Сонгуулийн Ерөнхий Хороо нь нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу нам, эвслээс нэр дэвшигчийн тухайд 5 дугаар сарын 21-ний дотор, бие даан нэр дэвшигчийн тухайд 5 дугаар сарын 23-ны дотор тус тус бүртгэх эсэх асуудлыг нь шийдвэрлэж тогтоол гаргана.


Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор буюу намаас нэр дэвшигчдийн тухайд 5 дугаар сарын 17-ны дотор, бие даан нэр дэвшигчдийн тухайд 5 дугаар сарын 19-ний дотор тус тус бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.


Бие даан нэр дэвшигч нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 801-ээс доошгүй, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол 201-ээс доошгүй, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг тус тус зуруулсан байх ёстой. Сонгогчдын гарын үсэг зуруулах маягтаа аймаг болон дүүргийн сонгуулийн хорооноос авах ёстойг анхаарах хэрэгтэй.


2016 оны ээлжит сонгуультай холбоотой хууль, журам, заавар, шаардлагатай маягтуудын загвар болон бусад холбогдох материалуудыг Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудсанд байрлуулсан байгаа.


УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бүртгэгдсэн нэр дэвшигчдэд Сонгуулийн Ерөнхий Хороо, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшээд бүртгэгдсэн нэр дэвшигчдэд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэгэн зэрэг олгох болно.


Эцэст нь хэлэхэд Сонгуулийн Ерөнхий Хорооноос дээр дурьдсан асуудлаар бүх намуудад албан бичиг, маягтуудыг хүргүүлсэн байгаа. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд манай Хорооны www.gec.gov.mnцахим хуудсанд тавигдсан мэдээлэл, материалтай танилцах нь зүйтэй юм.       






Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.