Иргэд-сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол- сургалтын хөтөлбөрт хамрагдав

Хэвлэх2018.05.21

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (ДСБХ)-ноос  сонгуулийн байгууллагын ажилтны чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулагдсан "Иргэд-сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол" сэдэвт сургалтад Монгол Улсын Их Хурлын Төрийн байгууллалтын байнгын хороо, Сонгуулийн Ерөнхий Хороо, Иргэний бүртгэлийн газрын төлөөлөгчид оролцлоо.

 

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо – A-WEB нь эгнээндээ 109 орны сонгуулийн удирдлагын байгууллагуудыг багтааж, дэлхий даяар ардчиллыг бэхжүүлж, чөлөөт, шударга, ил тод,  иргэдийн оролцоог бүрэн хангасан сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

 

 

Энэ удаагийн сургалтад Монгол, Камбодж, Мьянмар орны сонгуулийн байгууллагын ажилтан нийт 24 хүн оролцон өөрийн болон бусад орнуудын сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, иргэд-сонгогчдын боловсролын талаар танилцуулга хийж, харилцан туршлага солилцов.  

 

 

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс, Солонгосын иргэд сонгогчдын боловсролын хүрээлэн – KOCEI,  Хангүг Их Сургууль, Корей Их сургуулийн доктор, профессор багш нар, Англи, АНУ, Босни-Герцеговини зэрэг улсын мэргэжилтэн багш нар ирж хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүлэв.



Сургалтын үеэр сонгуулийн үйл ажиллагаа, мэдээлэл харилцааны технологи, хуурамч мэдээллийн хор уршиг, сонгогчдын ирц, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эдийн засагт үзүүлэх нөлөө, сонгуулийн сурталчилгааны үеийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, БНСУ-ын сонгуулийн мэдээллийн болон автоматжуулсан систем, сонгуулийн санал хураалтад ашигладаг тоног төхөөрөмж, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцуулсан нь сургалтад оролцогсдын анхаарлыг татав.



Сургалтад оролцсон Камбодж, Мьянмар улсуудын төлөөлөгчид өөрсдийн орны хувьд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, саналаа өгсөн сонгогчдоо алдаа мадаггүй бүртгэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаагаа дурдаж, Монгол Улс сонгогчийн бүртгэл, сонгуулийн үйл ажиллагаагаа бүрэн автоматжуулж чадсан, сонгуулиа ил тод, шударга явуулж чаддаг, үлгэр жишээ болохуйц орон болсныг тэмдэглэж байлаа.



Хөтөлбөрийн үеэр БНСУ-ын Сонгуулийн Үндэсний хороо, Үндэсний Ассамблейн байранд зочлон үйл ажиллагаатай нь танилцав.



Сургалтын төгсгөлд 3 орны баг цаашид өөрийн орны сонгуулийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж болохуйц үр дүнтэй бодлого, асуудлаар үйл ажиллагааны төслийн төлөвлөгөө боловсруулан илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.  

 




 

 

 



Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.