2018 оны 4 дүгээр сард явагдсан сонгуулиуд

Хэвлэх2018.05.02

2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ЯВАГДСАН СОНГУУЛИУД



УНГАР УЛС

ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ

4 дүгээр сарын

8-ны өдөр

Унгарын парламентын сонгууль  2012 оны 1 дүгээр сарын 1-нд батлагдсан “Үндэсний Хурлын депутатуудын сонгуулийн тухай” хуулийн дагуу, хосолмол тогтолцоогоор зохион байгуулагддаг бөгөөд Парламентын 199 гишүүний 106 нь нэг мандаттай тойргоос, 93-ыг нь намын нэрийн жагсаалтын дагуу сонгогддог.

Парламентад суудал авахын тулд намууд 5%-ийн босготой байдаг ба уг босго 2 намын эвслийн хувьд 10%, харин 3 болон түүнээс дээш намын эвслийн хувьд 15%, үндэсний цөөнхийн бүлгийн хувьд 0,3% байдаг. Тус улсын нутаг дэвсгэрт аж төрж буй болгар, грек, хорват, польш, немц, армян, румын, цыган, серб, словак, украин зэрэг Унгар улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн 13 үндэстнүүд өөрсдийн бүлгээс нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдүүлдэг.

Унгар улсын сонгогчид нэр дэвшигчийн төлөө болон намын нэрийн жагсаалтын төлөө гэсэн 2 санал өгдөг. Харин байнгын оршин суух хаяггүй иргэд зөвхөн намын нэрийн жагсаалтын төлөө санал өгнө. Үндэстний цөөнхийн бүлэгт бүртгэлтэй сонгогчид намын нэрийн жагсаалтын төлөө санал өгөхийн оронд өөрийн харъяалагдах үндэсний цөөнхийн бүлгийн нэр дэвшигчдийн төлөө санал өгдөг.

           Парламентын сонгуульд сонгогчдын 60.48 хувь нь оролцсон бөгөөд энэ нь 1998 оноос хойш хамгийн бага ирцтэй сонгуульд тооцогдов. Энэ удаагийн сонгуулиас эхлэн Унгар улс сонгогчдын ирцийн босгогүй болжээ.

Сонгуулийн дүнгээр Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн ФИДЕС нам  134 суудал авснаар олонх болжээ. Түүнчлэн Йоббик нам 25, Унгарын социалист нам 20, Ардчилсан эвсэл 9, “Улс төр өөр байж болно” нам 8, “Хамтдаа” нам 1, Немц үндэстний цөөнхийн бүлэг 1, бие даагч 1 суудал тус тус авсан байна.



БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛС

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

4 дүгээр сарын    11-ны өдөр

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж нийт сонгуулийн насны 5.332.817 иргэнээс 3.962.123 нь буюу 74,5 хувь нь оролцов. Нийт 125 сонгуулийн хороод байгуулагдаж, тэдгээрт 5426 байнгын, 215 сонгуулийн түр хэсэг байгуулагдан ажиллажээ.

Сонгуулийн явцыг 59 улс, олон улсын 61 байгууллагыг төлөөлж нийт 894  гадаадын ажиглагчид ажиглалаа. Мөн дотоодын 58.175 ажиглагч ажиглалт хийх эрх авчээ.

Энэ удаагийн сонгуульд  2003 оноос хойш Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа “Шинэ Азербайжан” намын дарга Ильхам Алиев, өмнөх 2003, 2008, 2013 оны сонгуульд нэрээ дэвшүүлж байсан “Орчин үеийн Мусават” намын дарга Хафиз Гажиев, “Нэгдмэл Азербайжаны Ардын фронт” намын дарга, парламентын депутат Гудрат  Гасангулиев, бие даан нэр дэвшигч Захид Оружа, Ардчилсан намаас нэр дэвшигч Сардар Жалалоглу зэрэг нийт 8 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Тус улсын  сонгогчид, сонгуулийн нэгдэл, эвсэл нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй ажээ.

Сонгуулийн дүнгээр сонгогчдын 86,2 хувийн санал авсан Ильхам Алиев Азербайжан улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байна.

Сонгуулийн хуульд заасанчлан Сонгуулийн Төв комисс нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг холбогдох бусад баримт бичгийн хамт Үндсэн хуулийн шүүхэд өргөн мэдүүлжээ. Үндсэн хуулийн шүүх санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор сонгуулийн дүнг батламжлахаар хуульд заасан байдаг.

ЕАБХАБ-ын ажиглагчдын дүгнэлтэд  сонгуулийн үеэр хэд хэдэн ноцтой зөрчил гарсан тухай дурдаад ажиглалт хийсэн нийт санал авах байрны 47 хувьд нь нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогч саналаа өгсөн, 53 хувьд нь саналын хуудсыг санал авах байрнаас авч гарч “карусель” эргүүлэх байдал ажиглагдсан тухай дурджээ. Түүнчлэн сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд гарч байсныг урьдчилсан тайландаа дурдсан байна.



ЧЕРНОГОР УЛС

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

4 дүгээр сарын    15-ны өдөр

Черногор улс тусгаар тогтносноос хойш болж буй Ерөнхийлөгчийн 3 дахь удаагийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан, эрх баригч Социалистуудын ардчилсан намын дарга Мило Жуканович тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Сүүлийн 24 сарын турш байнга оршин суух бүртгэлтэй, 18 насанд хүрсэн Черногор улсын иргэн санал өгөх эрхтэй бөгөөд энэ удаагийн сонгуульд нийт 533,089 сонгогч бүртгэгдсэн байна. Сонгогчийн бүртгэлийн асуудлыг Дотоод явдлын яам нь хариуцан гүйцэтгэдэг.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн улсдаа сүүлийн 15 жилийн 10 жилд нь тасралтгүй оршин суусан, сонгуулийн эрх бүхий иргэн байх ба нэр дэвшигчдийг улс төрийн намаас, эсхүл сонгогчдын бүлгээс нэр дэвшүүлнэ. Бүх нэр дэвшигчид нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт сонгогчдын 1,5 хувиас доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлага тавигддаг. Энэ удаагийн сонгуульд нэг нэр дэвшигч хамгийн багадаа 7993 сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байсан бөгөөд 1 сонгогч зөвхөн 1 нэр дэвшигчийг л дэмжиж гарын үсэг зурах ёстой юм байна.

Нэр дэвшигчдийн саналын хуудсанд бичигдэх дарааллыг сугалаа сугалуулан тогтоодог.

Сонгуульд нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 63,92% нь оролцож саналаа өгч, тэдгээрийн 53,9 хувь нь тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Черногорийн Социалистуудын Ардчилсан Намаас нэр дэвшигч Мило Жукановичийн төлөө саналаа өгч Ерөнхийлөгчөөр сонгожээ.   



БҮГД НАЙРАМДАХ ПАРАГВАЙ УЛС

БҮХ НИЙТИЙН СОНГУУЛЬ

4 дугаар сарын    22-ны өдөр

Парагвай улсын Бүх нийтийн сонгууль болж, Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, 45 байнгын сенатор, сенаторуудын 30 орлогч,  төлөөлөгчийн танхимын байнгын 80 гишүүд, 17 амбан захирагч, Өмнөд америкийн нийтийн зах зээл “MERCOSUR”-ийн Парламентийн 18 гишүүн, тэдгээрийн орлогч 18 хүнийг сонгосон байна.

Ерөнхийлөгчид 10 хүн нэр дэвшиж тэдгээрээс эрх баригч Колорадо намаас нэр дэвшсэн Марио Абдо Бенитес саналаа өгсөн сонгогчдын 46,59 хувийн буюу 1,1 сая сонгогчийн саналаар сонгогдов. Түүний гол өрсөлдөгч-сөрөг хүчний “Үндэсний шинэчлэлийн эвсэл”-ээс нэр дэвшигч Эфраин Алегре 1.01 сая сонгогч буюу 42,67 хувийн саналаар удааллаа.

Сонгуульд ялалт байгуулсан Бенитес Ерөнхийлөгчийн тангаргаа ирэх наймдугаар сард өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор орно.

Сенатын 45 төлөөлөгчийг үндэсний хэмжээний нэг тойргоос хаалттай нэрийн жагсаалтаар, депутатуудын танхимын  80 гишүүнийг олон мандаттай томсгосон 18 тойргоос хаалттай нэрийн жагсаалтаар    пропорциональ тогтолцоогоор сонгов.

Сенатын 45 суудлын 17-г Колорадо нам, 13-г Жинхэнэ радикал либерал нам, 6-г нь Гуасу нам, 3-г Хайрт эх орон нам, Хагамос нам, Дэвшилтэт ардчилсан нам тус бүр 2 суудал, Үндэсний загалмайтны хөдөлгөөн, Ёс зүйт иргэдийн үндэсний холбоо тус бүр 1 суудал авсан байна.

Парагвай улсын хууль тогтоомжид зааснаар парламентын гишүүдийн 20 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд сонгуульд 18-аас 75 насны сонгогчид саналаа өгдөг, саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийдэг зэрэг онцлогтой ажээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 4,2 сая сонгогч бүртгэгдэж, сонгуулийн ирц 61,25 хувьтай байв.

 

 

 

 

 

 

 



Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.