БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Хэвлэх2017.10.18

 

 

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗСТАН УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

 

/2017.10.15/

 

Бүгд Найрамдах Киргизстан Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны 10-р сарын 15-ны Ням гаригт болж өндөрлөв. Хэдийгээр сонгууль 2017 оны 11 дүгээр сарын 19-нд болохоор товлогдсон ч одоогийн Ерөнхийлөгч Атамбаевийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 12-р сарын 01-ний өдөр дуусч байгаа тул Киргиз Улсын Дээд зөвлөл (Жогорку-Парламент)-ийн сөрөг хүчний хууль тогтоогчдоос сонгуулийн товыг наашлуулах саналыг гаргажээ. Учир нь хэрвээ 2 дахь санал хураалт болвол 12-р сарын 01-нээс өмнө зохион байгуулах хугацаа хэрэгтэй гэж үзсэн байна.  

Тус улсад Ерөнхий сайдын эрхийг бэхжүүлэх тухай асуудлыг 2016 оны 12 дугаар сард болсон бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 80 хувийн саналаар дэмжсэн байна.  

Нийт 59-н улс, 44-н олон улсын байгууллагын нийт 773 олон улсын ажиглагчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар бүртгүүлжээ.

2017 оны 9 дүгээр сард Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Киргизийн сөрөг хүчний тэргүүнтэй уулзсаны дараа Киргизийн Гадаад харилцааны яам Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна гэж Казакстан Улсыг буруутгасан байна.

Ерөнхийлөгчийн сонгууль 2 шатлал бүхий сонгуулийн тогтолцоогоор явагдсан. Зөвлөлт холбоот улс бутарсаны дараа тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш Киргиз улсад анх удаа 2 шатны сонгуулийг зохион байгуулж байна. 2010 онд баталсан Үндсэн хуулинд зааснаар Төрийн тэргүүнийг 6 жилд нэг удаа сонгодог.  

Сонгууль болохоос өмнө саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоо 2,973,525 байсан бол сүүлд 3,025,770 болтол нэмэгджээ. Санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй, нийт 22,281 сонгогчид сонгуулийн өмнөх өдөр саналаа өгсөн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэх нэр дэвшигч нь, улс төрийн намаас нэр дэвших эсвэл бие даагчаар нэр дэвших боломжтой бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай: барьцааны 1 сая сом төлөх, 30,000 сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх, Киргиз хэлний шалгалт өгч тэнцсэн байх шаардлагыг тавьдаг байна. Сонгуулийн төв хороо (СТХ) 2017 оны 8-р сарын 25-н хүртэл гарын үсгийг хүлээн авч нэр дэвшигчдийг 9-р сарын 10-ныг хүртэл бүртгэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд 59-н хүн нэр дэвшихээ мэдэгдсэнээс 48 нь бие даагч, улс төрийн намаас 11 хүн нэр дэвшиж байв. Гэвч 2017 оны 8-р сарын 17-нд Сонгуулийн төв хорооноос нэр дэвшигчдийн тоо 50 хүртэл буурсаныг зарлажээ. Хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байсан сөрөг хүчний намын тэргүүн Омурбек Текебаев авилгалтай холбоотой асуудлаар шүүмжлэл дагуулсанаар өрсөлдөх боломжгүй болсон. Дараачийн өдөр нь түүний цуглуулж өгсөн гарын үсгийг СТХ-ноос хүчингүй болгосон байна.

СТХ-ноос мэдэгдсэнээр, 8-р сарын 26-нд шаардлагатай гарын үсгийг цуглуулсан 24-н хүн байсан, харин 15-н хүн гарын үсэг цуглуулаагүй, 5 хүн Киргиз хэлний шалгалт өгөөгүй, гарын үсэг байхгүй гэсэн тайлбартайгаар өрсөлдөх боломжгүй болжээ.

Бүртгэлийн эцсийн хугацаа буюу 9-р сарын 10-ны байдлаар, СТХ-ноос 37 хүнийг бүртгэхээс татгалзаж, 9 хүн нэрээ татсан. Үлдсэн 13 хүн нэр дэвшихээр болсон ч 3 нь өрсөлдөхөөс татгалзанаар нийт 11 хүн сонгуульд өрсөлджээ.  

Ерөнхийлөгчийн сонгуульд Киргизстаны Социал Демократ намаас нэр дэвшигч Сооронбав Жеенбеков 54,74 хувийн санал авсанаар үнэмлэхүй ялалт байгуулж тэргүүлсэн байна.

 

Ерөнхийлөгчийн сонгууль 2017

 

 

 

Нэр дэвшигч

Сооронбав Жеенбеков

Омурбек Бабанов

Намын нэр

Киргизстанын Социал Демократ нам

Бие даагч

Авсан санал

925,361

569,697

Хувь

54.74%

33.7%

 

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.