Сонгуулийн ерөнхий хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Хэвлэх
2012 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход цөөхөн сарын хугацаа үлдээд байгаа энэ үед СЕХ-ноос үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг өнгөрөгч оны сүүлчээр УИХ баталсан билээ. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавтай сонгуультай холбоотой зарим асуудлаар ярилцлаа.


-Удахгүй болох УИХ-ын сонгуулийг угтаж СЕХ-ноос ямар ажил хийж байна вэ?

-2012 оны ээлжит сонгуульд бэлтгэх ажлын төлөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороо батлаад, 80 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр болоод байна. Хуульд зааснаар хамгийн түрүүнд УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарийг УИХ батлах ёстой. Уг тогтоолын төслийг боловсруулан УИХ-д оруулж, 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд батлуулсан. Одоо удахгүй энэ сарын 15-наас өмнө сум, дүүргийн ИТХ-аас УИХ-ын сонгуулийн хэсгүүдийг байгуулах гэж байна. Бид сонгуулийг автоматжуулахтай холбоотой бэлтгэл ажлыг эртнээс хийж, УИХ-тай зөвшилцөж ирсэн. Үүнтэй холбоотой техник хэрэгслийн шийдлийг гаргалаа. Сонгуулийг автомажуулах зарчмын шийдэл гарсан учир сонгуулийн дүн автомат машинаар тоологдоно. Энэ бүх зохицуулалыг харгалзан үзэж Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Ер нь холбогдох хуулиудад зааснаар 50 гаруй журам заавар, маягт, загвар батлагдах ёстой. Эдгээрийг боловсруулахад Сонгуулийн ерөнхий хороо гол хүчээ дайчлан ажиллаж байна. Одоогоор 22 маягт, 15 үнэмлэхийн загвар батлаад байгаа. Үндсэндээ сонгууль товлон зарлах үед сонгуультай холбоотой журам зааврууд нэг мөр батлагдсан байхаар ажлаа зохион байгуулж байна. Мөн Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг батлаад байна.


- Сонгуулийн ерөнхий хороог УИХ-ын сонгуулийн хуулийг сурталчлах ажлаа хангалтгүй хийхгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Сонгуулийг зарлах хүртэлх хугацаанд бид хуулийг сурталчлах ажлууд зохион байгуулна. Олон хэлбэрийн ажил явуулахаар төлөвлөөд байна. Тодорхой график гаргаж, үе шаттай ажлууд хийгдэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг тухай бүрт нь мэдээлэх болно. УИХ-ын сонгуулийн хууль болон УИХ-ын сонгуулийн автоматжуулсан систем, Сонгуулийн төв байгууллагын хуулиудыг хэвлэж, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудад тараах ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн Сонгуулийн хуулиудад хоёрдмол байдлаар ойлгож болзошгүй олон зүйл заалт байгаа талаар иргэд сонгогчид бидэнд хандаж байна. Ингээд бид шаардлагатай асуудлуудаар Улсын Дээд шүүхээр тайлбар гаргуулах саналаа уламжилсан.

-Яг ямар заалтуудад тайлбар авах шаардлагатай байгаа вэ?

-Улсын Дээд шүүхэд 40-өөд асуудлаар хандсан. Гэхдээ сонгуулийн хууль батлагдсаны дараа уламжлал болгон Улсын Дээд шүүхээс тайлбар гаргадаг. 2008 онд ч 16 дугаар тогтоол гарган тайлбарлаж байсан. Сонгуулийн хуульд шашны зан үйл, хууран мэхлэх, гүтгэх, доромжлох гэдэг нь юуг хэлэх вэ гэдгийг тайлбарлах юм. Захиргааны хэргүүдийг шүүх ямар байдлаар зохицуулах ёстой гээд уламжлал болсон тайлбар шаардсан заалтууд бий. Дээр нь шинээр тайлбар шаардсан асуудлууд байна. Жишээлэхэд, Сонгуулийн санал авах хугацаа өглөө 07.00 цагт эхлээд орой 20.00 цагт дуусна гэж хуульд заасан. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсантай холбоотой цагийг яаж ойлгох тал дээр тайлбар хэрэгтэй. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, цагийн зөрүүтэй аймгууд бий. Эдгээрийг нэгдмэл болгосноор эргээд программчлал хийхэд тустай болно. Сонгогчдын санал татах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтын талаар ойлголтуудыг тодорхой болгох чиглэлээр Улсын Дээд шүүх тайлбар гаргах нь зүйтэй.

-Сонгуулийн хэсэг хороодыг байгуулахад ямар нэгэн бэрхшээл учрах уу?

-Сонгуулийн тойрог хэсгийн хороодод ажиллах бүрэлдэхүүнийг төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлэхээр хуульчилсан байгаа. Өмнө нь намуудын төлөөлөл ордог байсан. Тэгэхээр асуудал бага гарах байх. Энэ сонгууль улсын хэмжээнд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлд тулгуурлаж явагдана. Үүнтэй холбоотой улсын бүртгэл эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх нэлээн өргөн болж, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг хариуцахаар болсон.

-Гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах ажлын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах асуудал анх удаа хийгдэнэ. Энэ хүрээнд холбогдох судалгаа хийгээд журмын төсөл боловсруулж, Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах ёстой. Журмын төслийг боловсруулах ажил эхлээд явж байна. Гэхдээ Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд байдаг улсуудад байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой. Эдгээр хүмүүс иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Мөн сонгуульд оролцоно гэдгээ бүртгүүлж, улмаар биечлэн саналаа өгөх юм. Гадаадад байгаа иргэдийн саналыг цаасан хувилбараар, санал авах өдрөөс 15 хоногийн өмнө авч Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Нэмж хэлэхэд, гадаадад байгаа иргэд намд саналаа өгөх боломжтой. Эдгээрийг хэрэгжүүлэхийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хийх ажил байна.

-Сонгуулийн хуульд хариуцлагын асуудлыг чангатгасан гэж байгаа. Хуриуцлага тогтоох хяналтыг хэрхэн хийх вэ?


-Сонгуулийн шинэ хуулиар сонгуульд оролцох субьектүүдийн үүрэх хариуцлагыг тодорхой заасан. Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сонгуулийн хороодын гишүүд, сонгогчид гээд тус бүрт нь нарийн заасан. Аливаа этгээд сонгогчдод гаднаас нөлөөлөхийг хориглосон. Сонгогч өөрөө саналаа худалдахгүй байх ёстой. Захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан нь хариуцлагыг улам нэмэгдүүлсэн явдал болсон. Сонгуулийн ерөнхий хороодангаараа хяналт тавих боломжгүй л дээ. Гол нь сонгуульд оролцож байгаа нам эвсэл, нэр дэвшигчид, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-уудын тусламжтайгаар хяналтыг тавих юм. Түүнээс хэн нэгэнд хариуцуулсан хяналт байхгүй. Нэр дэвшигч ямар нэгэн зөрчил гаргасан байвал бид бүртгэхээс татгалзах хуулийн зохицуулалтын хүрээнд ажиллах бодолтой байна.

-Өнөөдрийн хуулиар
Орон нутгийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурлын сонгуультай нэг өдөр явуулахаар заасан байгаа. Харин Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийг нэг өдөр явуулах боломж бий юу?

-Орон нутгийн сонгуультай УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулна гэдгийг янз бүрээр ойлгож байгаа байх. Автомат машинаар тоолох юм чинь амархан гэсэн тайлбар яваад байгаа. Орон нутгийн Хурлын сонгуулийг автомат машинаар явуулна гэвэл зохион байгуулалтын шийдлүүд тодорхой болох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлынсонгуулийн тухай хуулиар Сонгуулийн төв байгууллага нь Улсын Их Хурлынсонгуулиа зохион байгуулдаг. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулйин хороод байгуулагдаж, мөн хуулийнхаа хүрээнд сонгуулиа зохион байгуулдаг гээд зааглачихсан. Өөр олон зөрүүтэй заалт бий. Эдгээрийг нэгтгэх шаардлага гарч ирнэ. Гэхдээ нэгтгэх хуулийн төслүүд УИХ дээр яригдаж байгаа юм билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос гол болгоомжилж байгаа зүйл нь саналын хуудасны хувилбар. Энэ олон шатнытөлөөлөгч, нэр дэвшигчдийн нэрс санал авахаас 20-иод хоногийн өмнө л эцэслэн гардаг. Ийм богино хугацаанд бид саналын хуудсуудыг ялгавартайгаар хэвлүүлэх хэрэгтэй болно. 26 төрлийн саналын хуудас хэвлэгдэнэ. Гэтэл үүний цаана аймаг, сум, дүүргийн саналын хуудас хэвлэнэ гэвэл 300-400 төрлийн саналын хуудас хэвлэж, ялгавартайгаар санал тоолох машинд программчлах шаардлагатай гээд зохион байгуулалтын ажил их гарна. Эдгээр ажилд цаг хугацааны хувьд амжих эсэхэд бид ихээхэн болгоомжилж байна. Гэхдээ эцсийн бүлэгтээ асуудлыг Улсын Их Хурал шийдэх юм. Бид зөвхөн хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Санал тоолох машины нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор АНУ-ын “Dominion Voting Systems” компанитай гэрээ байгуулсан. Одоо ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Эхний таван машин ирсэн. Ингээд хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд тодорхой үе шаттайгаар машинууд нийлүүлэгдэнэ. Эхний 5 машин ирсэн, тэдгээр машинуудад бид санал тоолох программчлалын ажлыг боловсруулж байна.

-Сонгуульд нийт хэчнээн тооны санал тоолох машин ашиглах вэ. Боловсон хүчин бэлтгэхэд хүндрэл гарах уу?


-Бид 2500 машин захиалсан. Нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй. Хоёрдугаар сарын 15 гэхэд сонгуулийн хэсгүүдээ байгуулчихна. Ер нь багцаагаар 1800 хэсэг байгуулах тооцоо бий. Тэгэхээр 1800 хүн сургах шаардлагатай. Олон хүнтэй хэсгүүдэд 2-3 машин ажиллуулж болзошгүй.


М.Хангал 






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.