Бага хурал зохион байгуулав

Хэвлэх2017.04.13
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бага хурал 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.




Бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр тавьсан илтгэлдээ, сонгуулийн байгууллагын түүх, үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн орчин, баталгааны талаар мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хийсэн ажлаасаа танилцууллаа.


Тэрээр илтгэлдээ, сонгуулийг зохион байгуулж явуулах Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ Сонгуулийн Ерөнхий Хороо амжилттай биелүүлж, бие даасан, хараат бус байгууллага болон хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсад сонгуулийн ардчиллын мөн чанарыг улам бататгаж, түүнийг шинэ утга агуулгаар баяжуулан, сонгуулийн нэр хүнд, үнэ цэнэ, олон улсын үнэлэмжийг үлэмж нэмэгдүүлж чадсан нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн хөгжлийн түүхэнд үлдээх үнэт зүйлс мөн болохыг цохон хэллээ.




Түүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Сонгуулийн тогтолцооны шинэтгэлийн тулгамдсан зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж, цөөн хүн амтай, нэг танхимтай парламентын засагтай, холбооны биш нэгдмэл улсын хувьд өнөөгийн сонгуулийн тогтолцоо үнэхээр болохгүй байгаа нь бүх талаар харагдаж байгааг дурьдаад сонгуулийг улс нэг тойрог болгож зохион байгуулах, сонгогч  зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө ганц л санал өгөхөөрсонгуулийн тогтолцоог  өөрчилсөн тохиолдолд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх хэмжээ, үүрэг роль нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр  сонгогч  бүрийн санал бараг бүгдээрээ УИХ-д орж ирнэ гэсэн үг, нөхөн сонгууль явагдахгүй, намын үүрэг роль дээшилнэ, “давхар дээлний” хэл амнаас сална, тойрог тойглосон жалганы үзэл арилж, улсын нийтлэг эрх ашиг яригддаг болно гэж тэрээр үзэж байна.


Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Бага хуралд оролцогсдын анхаарлыг  сонгуулийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудалд хандуулав.

 

Бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга асан Ж.Ядамсүрэн, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүү, “Сонгогчдын боловсрол” төвийн Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нарын зэрэг хүмүүс  үг хэллээ.




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.