Энд дарна уу


Хяналтын хэсгийн ажиллах журам

ХэвлэхDOC Татаж авах

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан систем, түүний иж бүрдлийг ашиглах явцад тухайн сонгуулийн хорооноос холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Хяналтын хэсгийг /цаашид “Хяналтын хэсэг” гэх/ бүх шатны сонгуулийн хороод болон санал авах байрнаас байгуулах, Хяналтын хэсгээс хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2. Хяналтын хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд 3 гишүүний, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд 5 гишүүний, сонгуулийн санал авах байранд 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн сонгуулийн хорооны гишүүдийн болон санал авах байрны зохион байгуулагчдын дотроос томилно.

          

1.3. Шаардлагатай бол Хяналтын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.8-д заасны дагуу мэдээллийн технологийн мэдлэг мэргэжил бүхий хүмүүсийг Хяналтын хэсгийн ажилд татан оролцуулж болно.

 

1.4. Хяналтын хэсгийн бүрэлдэхүүнийг тухайн шатны сонгуулийн хороод болон санал авах байр батална.

 

1.5. Хяналтын хэсэг нь үйл ажиллагаандаа холбогдох сонгуулийн хууль тогтоомжийг  баримталж ажиллана.

          

Хоёр. Хяналтын хэсгийн үйл ажиллагаа

 

2.1. Хяналтын хэсэг дараах эрх эдэлнэ:

2.1.1. сонгуулийн автоматжуулсан системийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн ашиглалтын бэлэн байдлыг  шалгах;

2.1.2. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдуулан сонгуулийн хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо, Мэдээллийн технологийн төвөөс баталсан журам, зааврыг нэг мөр дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах;

2.1.3. хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор сонгуулийн автоматжуулсан системд орсон, түүнээс гаргасан, зохих сонгуулийн хороонд дамжуулсан аливаа мэдээлэл, баримт бичигтэй танилцах;

2.1.4. Бүх шатны сонгуулийн хороод болон санал авах байрнаас сонгуулийн тоо баримтын талаарх мэдээллийг сонгуулийн автоматжуулсан системд үнэн зөв орсон эсэх, мэдээлэлд зохих сонгуулийн хорооны шийдвэрээр засвар, нэмэлт, өөрчлөлт хийсэн бол түүнийг үнэн зөв орсон эсэхийг хянах;

2.1.5. Сонгуулийн Ерөнхий Хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь сум, дүүргийн сонгуулийн хороод болон санал авах байрнаас ирүүлсэн санал тоолох төхөөрөмжийн дүнг нэгтгэхдээ мэдээллийг гараар болон автоматжуулсан хэлбэрээр боловсруулсан дүнг харьцуулах;

2.1.6. тухайн сонгуулийн хороод болон санал авах байранд   автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтан, мэдээллийн технологийн даамал, бусад ажилтнаас тайлбар гаргуулан авах;

2.1.7. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулахад энэ тухай тэмдэглэл үйлдэх, бүртгэл хөтлөх, мэдээллийг цахим төхөөрөмжөөр хэвлэн баталгаажуулах, болон бусад холбогдох хууль журамд заасан үйлдлийг заавал хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

2.1.8. хяналт шалгалтын ажилд зохих эрх бүхий шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах асуудлыг тухайн сонгуулийн  хороод болон санал авах байранд тавих;

2.1.9. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах журам, зааврыг мөрдөж ажиллах талаар холбогдох албан тушаалтан, ажилтанд шаардлага тавих.

 

2.2. Хяналтын хэсгийн дарга хяналтын хэсгийн ажлыг зохион байгуулах бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу нэг гишүүн хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

 

2.3. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Хяналтын хэсэг энэ тухай үндэслэл, нотолгоо бүхий тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр зохих шатны сонгуулийн хорооны даргад нэн даруй танилцуулж, зөрчлийг арилгах саналаа тухайн сонгуулийн хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

 

2.4. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдох этгээд шалгалтын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан нь Хяналтын хэсэг уг асуудлыг сонгуулийн хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэд саад болохгүй.

 

2.5. Хяналтын хэсгийн хяналт шалгалтын дүнг тухайн сонгуулийн хороодын хуралдаанаар хэлэлцэж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг шуурхай шийдвэрлэж, сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна.

 

2.6. Хяналтын хэсгийн хяналт шалгалтын материалыг тухайн сонгуулийн хорооны  хороод болон санал авах байрны албан хэрэгт авч хадгална.

 

 

/Энэ журамд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

 

 

---оОо---


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.