Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хэвлэх, хадгалах, лавлагаа олгох журам

ХэвлэхDOC Татаж авах

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг /цаашид Мэдээллийн сан гэх/ бүрдүүлэх зарчим, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хэвлэх, хадгалах, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

 

Хоёр. Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн сан

 

2.1. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд цаасан дээр үйлдсэн болон цахим хэлбэрээр үйлдсэн дор дурдсан мэдээллийг байршуулна:

2.1.1. Саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлт бүхий мэдээлэл;

2.1.2. Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудасны мэдээлэл;

2.1.3. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт;

2.1.4. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлт, үндэслэл болсон шийдвэрийн огноо, дугаар;

2.1.5. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэрийн жагсаалт;

2.1.6. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлт, үндэслэл болсон шийдвэрийн огноо, дугаар;

2.1.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон санал авах байрны бүрэлдэхүүний мэдээлэл, түүнд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл;

2.1.8. Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүний мэдээлэл, түүнд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл;

2.1.9. Сонгуулийн санал авах байранд ажиллах мэдээллийн технологийн даамлын бүртгэл, түүнд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл;

2.1.10. Санал хураалтын ирцийн тухай нийтэд зарласан мэдээлэл;

2.1.11. Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн нэгдсэн серверт ирсэн санал хураалтын дүн /нэгдсэн дүн, санал тоолох төхөөрөмж бүрийн дүн/;

2.1.12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон санал авах байранд үйлдэгдсэн цахим баримт бичгүүд;

2.1.13. Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос оруулсан бусад мэдээлэл;

2.1.14. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн тайлан.

 

Гурав. Сонгуулийн автоматжуулсан системийн

 мэдээллийн санг бүрдүүлэх

 

3.1. Сонгуулийн Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод нь энэ журмын 2-т дурдсан, өөрийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийг мэдээллийн санд оруулна.

 

3.2. Мэдээллийг цахим хэлбэрээр бэлтгэж мэдээллийн санд оруулах даалгаврыг тухайн сонгуулийн хорооны дарга, эсхүл нарийн бичгийн дарга үүрэг хүлээсэн ажилтанд өгөх бөгөөд тус ажилтан мэдээллийг мэдээллийн санд оруулна.

                

Дөрөв.  Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн сангаас мэдээлэл шилжүүлэх

 

4.1. Мэдээллийн сангаас аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод мэдээлэл шилжүүлэхдээ мэдээлэл хүссэн хорооны дарга /нарийн бичгийн дарга/-ын хүсэлтийг үндэслэн мэдээлэл хадгалж буй хорооны дарга /нарийн бичгийн дарга/ холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

 

4.2. Мэдээллийн сангаас сонгуулийн хороодын хооронд мэдээлэл шилжүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан “Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах журам”-ыг баримтална.

 

Тав. Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн санг хадгалах

 

5.1. Мэдээллийн сангийн мэдээллийг хадгалахдаа аливаа цахим халдлагаас хамгаалах, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авна.

 

5.2. Сонгуулийн Ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон санал авах байр нь сонгууль зохион байгуулж явуулах хугацаанд автоматжуулах техник хэрэгсэлд хадгалагдаж буй мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хариуцна.

 

5.3. Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллаж буй мэдээллийн технологийн баг, санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал нь санал тоолох төхөөрөмжийн мэдээллийн сангийн хадгалалтыг хариуцаж бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

 

5.4. Энэ журмын 5.2-т дурдсан сонгуулийн хороод нь сонгуулийн санал авах ажиллагаа дуусч дүнг гаргасны дараа автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг дээд шатны хороонд хүлээлгэн өгөхдөө санал тоолох төхөөрөмжийн мэдээллийн санг хөндлөнгийн халдлагаас хамгаалах үүрэгтэй.

 

5.5. Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг хүлээн авахдаа тэдгээрт байгаа мэдээллийн сангийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг шалгана.

 

5.6. Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал нь мэдээлэл хадгалахтай холбогдсон зааварчилгааг батлан мөрдүүлж, хадгалалтын байдалд тавих хяналтыг зохион байгуулна.

 

5.7. Мэдээллийн санг байнга хадгалах бөгөөд мэдээллийн сан дахь мэдээллийг устгах асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.

 

 

Зургаа. Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн сангаас мэдээлэл авах

 

6.1. Мэдээллийн сангаас дор дурдсан этгээд мэдээлэл авах эрх эдэлнэ:

6.1.1 Бүх шатны сонгуулийн хороод болон санал авах байр, мэдээллийн технологийн баг, мэдээллийн технологийн даамал нь тус тусын бүрэн эрх, албаны үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах;

 

6.1.2. Иргэн нийтэд нээлттэй мэдээллийг авах;

 

6.1.3. Төрийн байгууллагын хуулиар эрх олгогдсон албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар мэдээлэл авах.

 

 

Долоо. Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн сангаас мэдээлэл хэвлэх, хувилах

 

7.1. Мэдээллийн санд байгаа мэдээллийг хувилах зөвшөөрлийг Сонгуулийн Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга өгч, тэр тухай бүртгэл хөтөлнө.

 

Найм. Сонгуулийн автоматжуулсан системийн

мэдээллийн сангаас лавлагаа олгох

 

8.1. Энэ журмын 9-д заасан мэдээлэл авах эрх бүхий этгээдэд мэдээллийн сангаас лавлагаа олгохдоо Сонгуулийн Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хорооны дарга, нарийн бичгийн дарга шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол хорооны хуралдаанд хэлэлцүүлнэ.

 

8.2. Лавлагааг цаасан болон цахим хэлбэрээр олгоно.

 

8.3. Лавлагаа олгосон тухай бүртгэлийг ажил үүргийн хуваарийн дагуу хорооны гишүүн буюу ажилтан хөтөлнө.

 

Ес. Мэдээллийн сангийн нийтэд ил байх мэдээлэл,

мэдээлэл авах журам

 

9.1. Энэ журмын 2.1.1-д зааснаас бусад хуулиар нууцад хамааруулаагүй мэдээлэл нийтэд ил байна.

 

9.2. Нийтэд ил байх мэдээлэлтэй танилцах, лавлагаа авах хүсэлтээ тухайн мэдээлэл хадгалагдаж буй сонгуулийн хороонд бичгээр гаргаж, энэ журмын 8.1, 8.2-т заасны дагуу танилцах буюу лавлагаа авч болно.

 

/Энэ журамд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

---оОо---


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ






Энд дарна уу


Энд дарна уу



Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.