Ард нийтийн санал асуулгын тухай

ХэвлэхDOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

 

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН

ТУХАЙ

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

  Энэ хуулийн зорилт нь ард нийтийн санал асуулга /цаашид "санал асуулга" гэх/  явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Санал асуулгын тухай хууль тогтоомж

            Санал асуулгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон  эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            З дугаар зүйл. Санал асуулгын зарчим

            1. Санал асуулгад Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд оролцож, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар саналаа нууцаар гаргана.

            2. Санал авах өдөр эх орондоо байгаа 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа хүн санал асуулгад оролцохгүй.

            4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал

            1. Санал асуулгыг төрийн дотоод, гадаад  бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна.

            2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно.

            3. Нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна.

            4. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            5 дугаар зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага

            1. Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод /цаашид "нутаг дэвсгэрийн хороод" гэнэ/  тус тус хариуцна.

            2. Санал авах ажлыг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд Сонгуулийн хэсгийн хороод / цаашид "хэсгийн хороод" гэнэ/  эрхэлнэ.

            З. Санал асуулга дангаар явуулж байгаа тохиолдолд нутаг дэвсгэрийн хороог Сонгуулийн ерөнхий хороо, хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус тус байгуулна.

            4. Нутаг дэвсгэрийн хороод санал асуулгыг бэлтгэн явуулах ажлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            5. Санал  асуулгаар тавигдаж байгаа асуудлын талаар бүх шатны хорооны  дарга, нарийн бичгийн дарга, гишүүд ухуулга, сурталчилгаа хийхийг хориглоно.

            6 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Дээрх 6 дугаар зүйлийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7 дугаар зүйл. Нутаг дэвсгэрийн хороодын бүрэн эрх

            Нутаг дэвсгэрийн хороод санал асуулга бэлтгэн явуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ санал асуулга бэлтгэн явуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах;

                        2/ санал асуулгын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах, хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

                        З/ санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчигдсөн талаархи өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

                        4/ санал авсан дүнгийн тухай хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн нутаг дэвсгэрийн хэмжээнд санал асуулгын дүнг гарган, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

                        5/ дахин санал авах, санал асуулга явуулах ажлыг зохион байгуулах;

                        6/ санал асуулгын баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцлэн хүлээлгэж өгөх;

                        7/ Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;

                        8/ хуульд заасан бусад бүрэн эрх.

            8 дугаар зүйл. Хэсгийн хорооны бүрэн эрх

            Хэсгийн хороо санал асуулга явуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг иргэдэд мэдээлэх;

                        2/ санал асуулгад оролцогчийн үнэмлэх олгох;

                        3/ санал асуулгад оролцогчид шилжүүлэг олгох, шинээр ирсэн иргэнийг бүртгэх;

                        4/ санал асуулгад оролцогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;

                        5/ санал авах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах;

                        6/ санал авалтын дүн гаргаж нутаг дэвсгэрийн хороонд хүргэх;

                        7/ санал асуулгын баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцэлж нутаг дэвсгэрийн хороонд хүлээлгэн өгөх;

                        8/ санал асуулгыг бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

                        9/ нутаг дэвсгэрийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;

                        1О/ хуульд заасан бусад бүрэн эрх.

            9 дүгээр зүйл. Санал асуулга бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

            1. Санал асуулга бэлтгэн явуулах ажил ил тод байна.

    

2. Төрийн байгууллагын харьяалал бүхий хэвлэл, мэдээллийн байгууллага санал асуулга бэлтгэн явуулах ажлын явц, санал асуулгын дүнг олон нийтэд шуурхай, үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.

            10 дугаар зүйл. Санал асуулга явуулахтай холбогдсон зардал

            1. Санал асуулга зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

                        1/ санал асуулгын хуудас, санал авалтын дүн, мэдээний маягт хэвлэх, сонгуулийн хороодын тэмдэг хийлгэх зардал;

                        2/ сонгуулийн ерөнхий хороо,нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодын бичиг хэрэг,шуудан,  холбоо, унаа, албан томилолтын зардал;

                        3/ санал асуулгатай холбогдсон таниулга,мэдээлэл хийх зардал;

                        4/ Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

            2. Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал батлана.

            З. Хороодын ажиллах, санал авах байрыг төв, орон нутгийн төсвийн болон төрийн өмчийн байгууллагууд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

            4. Нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах явдлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.

            11 дүгээр зүйл. Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд

            1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь  хамтарч, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчид тус тус санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй.

            2. Иргэд санал асуулга явуулах тухай  саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдэд уламжилна. Энэхүү саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо,холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.

            12 дугаар зүйл. Санал асуулга явуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

            1. Тухайн асуудлаар санал асуулга явуулах эсэхийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

            2. Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална. Асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томъёолж заана.

            1З дугаар зүйл. Санал асуулга товлон зарлах

            1. Санал асуулга явуулах тухай  шийдвэрт санал, асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30-аас доошгүй хоногийн дараа явуулахаар товлон заана.

            2. Иргэдийн саналыг ажлын болон баяр ёслолын бус өдөр авна.

            3. Санал асуулга явуулах тухай шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш нэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

            4. Санал асуулгыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулна. Зайлшгүй шаардлагатай гэж  Улсын Их Хурал үзвэл бусад үед санал асуулга явуулж болно.

            14 дүгээр зүйл. Санал авах хэсэг, түүнийг байгуулах

            Санал асуулгыг Улсын Их Хурлын, эсхүл Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг, санал асуулгын санал авах хэсэг нэг байна. Харин санал асуулгыг дангаар явуулж байгаа бол иргэдийн саналыг авч тоолох зорилгоор санал авах хэсгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 2О хоногийн өмнө байгуулж хэсгийн дугаар, харьяалах нутаг дэвсгэр, төвийг зарлана. Харин иргэд бөөнөөрөө шилжин суурьшсан зэрэг тохиолдолд санал авах хэсгийг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно.

            15 дугаар зүйл. Нэрийн жагсаалт

            Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн  хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж санал авах өдрөөс 20 хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд өгнө.

            16 дугаар зүйл. Нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

            Нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн тухай иргэн гомдол гаргах, түүнийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэхэд сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах журмыг баримтална.

            17 дугаар зүйл. Санал асуулгын талаар явуулах ухуулга, сурталчилгаа

            Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлын талаар  ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг төр хариуцна. Нам, олон нийтийн байгууллага өөрсдийн хүч хөрөнгөнд тулгуурлан сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр ухуулга, сурталчилгаа явуулж болно.

            2. Аливаа ухуулга, сурталчилгааг санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

            18 дугаар зүйл. Санал авах газар, хугацаа

            1. Иргэдийн саналыг санал авахаар бэлтгэсэн байранд санал асуулга явуулах өдрийн О7 цагаас 22 цаг хүртэл хугацаанд авна. Санал авах байр, хугацааг хэсгийн хороо санал авах өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

            2. Иргэдээс саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн хэсгийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

            19 дүгээр зүйл. Санал авах хуудас

            1. Санал авах хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, Сонгуулийн ерөнхий хорооноос нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байна.

            2. Санал авах хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томъёоллоор хэвлэсэн байна.

            20 дугаар зүйл. Санал авах ажлыг зохион байгуулах

            1. Санал  асуулга явуулах  өдрийн О7 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчдийг байлцуулан саналын бүх хайрцгийг шалган битүүмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ.

            2. Хэсгийн хороо иргэдийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нэрийн жагсаалттай тулган үзэж, хүн бүрт санал авах хуудас олгоно.

            Санал авах үед шилжин ирэгчдийг тэдний иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, шилжүүлгийг үндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад бүртгэж, саналын хуудас олгоно.

             21 дүгээр зүйл. Санал өгөх

            1. Иргэн санал өгөх байранд ирж,  саналаа өөрөө өгнө. Харин биеийн эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй иргэний саналыг түүний хүсэлтээр санал авах хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн очиж, битүүмжилсэн хайрцгаар авна.

            2. Санал асуулгад оролцогч санал авах өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгөх боломжгүй бол саналын хуудсыг санал авах хэсгийн хороонд ирүүлснээс хойшхи хугацаанд тухайн хэсгийн хороонд урьдчилан ирж саналаа битүүмжлэн өгч болно.  Хэсгийн хороо битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чанд хадгална.

            3. Иргэн саналын хуудсыг авч, санал өгөх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн асуулттай танилцсаны үндсэн дээр эсрэг утга бүхий хоёр хариултын аль нэгийн өмнөх дугаарыг дугуйлан тэмдэглэж хуудсаа саналын хайрцагт хийнэ.

            4. Иргэн саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол энэ тухайгаа уг хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө сонгуулийн хэсгийн хороонд мэдэгдэж, хуудсаа хураалган дахин нэг хуудас авч болно.

            Хураалгасан саналын хуудсыг хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.

            5. Санал бэлтгэх тасалгаанд санал өгөгч тухайн иргэнээс өөр хүн байхыг хориглоно. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй хүн санал авах хорооны гишүүнээс бусад гагцхүү өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно.

            22 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчингүйд тооцох

            Дараахь тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

                        1/ батлагдсан загварын бус хуудсаар санал өгсөн;

                        2/ тухайн санал авах хэсгийн хорооны дарга,нарийн бичгийн даргын гарын үсэггүй буюу хэсгийн хорооны тэмдэггүй хуудас хэрэглэсэн;

                        З/ хариултыг тэмдэглээгүй, эсхүл нэгээс илүү хариулт тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийсэн;

                        4/ асуулт, хариултыг дарсан.

            23 дугаар зүйл. Санал тоолох

            1. Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход иргэдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

            2. Санал асуулга явуулж буй өдрийн 22 цаг болмогц санал авах ажлыг зогсоож, санал тоолох тухай мэдэгдэн олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.

             З. Хэсгийн хороо санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн иргэдийн тоо, саналын хуудас авсан иргэдийн тоо, саналын хайрцгаас гарсан нийт буюу хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, асуултын хариулт бүрт өгсөн саналын тоог тус тус  хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.

            4. Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж уншин сонсгосны дараа нутаг дэвсгэрийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

            24 дүгээр зүйл. Санал асуулгын дүнг нэгтгэн хүргүүлэх

            1. Нутаг дэвсгэрийн хороо нь хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн тоо, саналын хуудас авсан иргэний тоо, хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, асуултын хариулт бүрт өгсөн саналын тоог тус тус нутаг дэвсгэрийн хэмжээгээр нэгтгэн гаргана.

            2. Санал асуулгын дүнг гаргахдаа саналын хүчинтэй хуудсаар тооцно.

            З. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал асуулгын дүнг нутаг дэвсгэрийн хороо З хоногийн дотор нэгтгэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ.

            25 дугаар зүйл. Санал авах хэсэгт санал авалтыг хүчингүй болсонд тооцох, дахин санал авах

            1. Санал авах хэсэгт явуулсан санал авалтыг нутаг дэвсгэрийн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:

                        1/ гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн саналыг битүүмжлэн авснаас бусад тохиолдолд товлон зарласнаас өөр өдөр санал авсан;

                        2/ санал авч эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;

                        З/ хэсгийн хорооны  гишүүн буюу иргэдэд хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь санал асуулгын дүнг гажуудуулахад хүргэсэн;

                        4/ хэсгийн хорооны гишүүд, бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчсөн нь санал асуулгын дүнд ноцтой нөлөөлсөн.

            2. Санал авалтыг хүчингүй болсонд тооцсон тухай нутаг дэвсгэрийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг нутаг дэвсгэрийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдрийг заана. Санал авалт хэсгийн хэмжээгээр хүчингүй болсон тохиолдолд тухайн хэсгийн нийт иргэдээс дахин санал авна.

            З. Санал авах байранд өөрөө хүрэлцэн ирж чадахгүй иргэдийн саналыг авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан хугацаанаас өмнө нээснээс уг хайрцаг дахь саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт санал өгсөн иргэдээс дахин санал авна.

            26 дугаар зүйл. Санал асуулгын дүнг гаргах, санал асуулга явуулсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох

            1. Нутаг дэвсгэрийн хороодоос санал асуулгын дүнг ирүүлснээс хойш 14 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

            2. Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.

            З. Санал асуулгад оролцсон иргэдийн саналын хуудсын олонхи хүчингүй болсон бол дахин санал асуулга явуулах эсэхийг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.

            4. Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн олонхи оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.

            5. Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар 5 жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш 2 жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй.

            6. Санал асуулгын талаар Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж  Үндсэн хуулийн цэц үзсэн бол санал асуулгыг дахин явуулна.

27 дугаар зүйл. Санал асуулгын талаархи маргааныг шийдвэрлэх

            Санал асуулгын талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

            28 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

             Ард нийтийн санал асуулгын тухай хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь шийтгэлийг ногдуулна:

                        1/ Энэ хуулийн 1О дугаар зүйлийн З, 4, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Засаг дарга, төсөвт байгууллагын эрх баригчийг 20000 хүртэл төгрөгөөр торгох;

                        2/ энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нам, олон нийтийн байгууллагыг 100000 хүртэл, гэм буруутай албан тушаалтан,иргэнийг 20000-25000 төгрөгөөр тус тус торгох;

                        3/ энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэсгийн хорооны гишүүнийг 10000-20000 төгрөгөөр торгох;

                        4/ санал асуулга явуулах үйл ажиллагаанд санаатайгаар саад хийсэн, санал асуулгад оролцохоос татгалзахыг нийтэд уриалсан, бусдын нэрийн өмнөөс санал асуулгад оролцсон , санал тоолох ажлыг зориуд саатуулсан бол буруутай этгээдийг 20000-25000 төгрөгөөр торгох.

               МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                               Н. БАГАБАНДИ





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.