Энд дарна уу


Сонгуулийн автоматжуулсан системийн тухай

ХэвлэхDOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

 

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулга /цаашид “сонгууль” гэх/-ыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомж

2.1.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомж нь энэ хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндэслэл

3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндэслэл болно.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“сонгуулийн автоматжуулсан систем” гэж сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг;

4.1.2.“сонгогчийн хувийн мэдээлэл” гэж тухайн иргэнийг гэрчлэх талаар хуульд заасан албан ёсны баримт бичигт туссан мэдээлэл, гэрэл зураг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг;

4.1.3.“автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл” гэж мэдээллийг оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах зориулалттай харилцан уялдаатай техник хэрэгсэл, программ хангамжийн нэгдлийг;

4.1.4.“мэдээллийн ажиллагаа” гэж сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээлэл оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах үйл явцыг;

4.1.5.“мэдээллийн технологийн даамал” гэж сонгуулийн зохих шатны хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглаж ажиллуулах, түүний хэвийн ажиллагааг хариуцан хангах чиг үүрэг бүхий мэргэжилтнийг;

4.1.6.“цахим түлхүүр” гэж автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, түүний аль нэг хэсгийг ашиглах, мэдээлэлд нэвтрэх, мэдээллийн санд байгаа тоон дүн, баримт бичигтэй харьцах боломжийг цахим түлхүүр эзэмшигчид олгох зорилгоор мэдээллийг нууцлан дүрс, тоон хэлбэрт оруулан үйлдсэн түлхүүрийг;

4.1.7.“цахим гарын үсэг” гэж сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан цахим хэлбэрээр үйлдсэн баримт бичгийн бүрдүүлбэр дэх цахим түлхүүр бүхий гарын үсгийг.

5 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үндсэн зарчим

5.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад дараах үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад улс төрийн намуудын зөвшилцлийг хангах;

5.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа сонгуулийн хороодын үйл ажиллагаа ил тод байх;

5.1.3.сонгуулийн үйл явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх;

5.1.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцохыг хориглох;

5.1.5.сонгуульд ашиглаж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, мэдээллийн технологитой давхардуулан тухайн сонгуульд өөр автоматжуулсан систем, мэдээллийн технологийг ашиглахгүй байх;

5.1.6.сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

5.1.7.сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамж, санал авах техник хэрэгслийг ашиглах заавар сонгогчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, мэдээллийн сангаас хуулийн дагуу авах мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх;

5.1.8.сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгсэл нь зохих журмын дагуу баталгаажсан байх;

5.1.9.сонгуулийн автоматжуулсан системийг түүнд хэрэглэгдэхгүй бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээнд холбохгүй байх;

5.1.10.сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамж, санал авах техник хэрэгслийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах.

5.2.Сонгуулийн автоматжуулсан системийн программын өгөгдлүүд монгол хэл дээр байна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭХ

ШИЙДВЭР ГАРГАХ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ТАЛААРХ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх,ашиглах талаарх Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах;

6.1.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдон шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

7 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх Засгийн газрын бүрэн эрх

7.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж, хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авах;

7.1.3.шаардлагатай хөрөнгө хүч, хүний нөөцийг хууль тогтоомжид зааснаар дайчлан оролцуулах;

7.1.4.шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах.

8 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдон төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг даргын хүлээх үүрэг

8.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа сонгуулийн үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, бүх шатны Засаг дарга энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан чиг үүрэг, тус тусын бүрэн эрхийн хүрээнд оролцож, сонгуулийн хорооноос тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

9 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

9.1.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн автоматжуулсан системийн захиалагчийн үүргийг гүйцэтгэж, сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системд тавигдах шаардлагыг тодорхойлно.

9.2.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон дүрэм, журам, зааврыг сонгуулийн тухай хууль тогтоомжтой нийцүүлэн баталж мөрдүүлэх;

9.2.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлт, уг системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагааны явцад хяналт тавих;

9.2.3.сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах журмыг батлан мөрдүүлэх;

9.2.4.сонгуулийн автоматжуулсан системийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах;

9.2.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон шаардлагатай асуудлыг төрийн холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээг авах;

9.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.3.Сонгуулийн ерөнхий хорооноос энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй.

10 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хорооны бүрэн эрх

10.1.Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл ажиллагааг харьяалах тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дүрэм, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

10.1.2.мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;

10.1.3.сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авах;

10.1.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргуулах болон бусад шаардлагатай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

10.1.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар доод шатны сонгуулийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд даалгавар, чиглэл өгөх;

10.1.6.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай гарган хүргүүлэх;

10.1.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад гарсан зөрчил, маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган шийдвэрлэх;

10.1.8.хууль тогтоомж, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр олгосон бусад бүрэн эрх.

10.2.Сонгуулийн салбар хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах ажлыг харьяалах дээд шатны сонгуулийн хорооноос тогтоосон хүрээнд зохион байгуулж, энэ хуулийн 10.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь тусална.

10.3.Сонгуулийн хэсгийн хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.3.1.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглаж, мэдээллийн ажиллагааг зохион байгуулах;

10.3.2.автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл дэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

10.3.3.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл явцын ил тод байдлыг хуулийн хүрээнд хангах;

10.3.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулсан сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаар дээд шатны сонгуулийн хороонд болон сонгогчдод үнэн, бодит мэдээллийг шуурхай хүргэх;

10.3.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад гарсан зөрчил, маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган шийдвэрлэх.

10.4.Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хороод, тэдгээрийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан нь өөрийн бүрэн эрхэд хамааруулаагүй асуудлаар автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ажиллуулж байгаа мэргэжилтэн, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БҮТЭЦ,

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГА

11 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн бүтэц

11.1.Сонгуулийн автоматжуулсан системийн зохион байгуулалтын бүтэц нь сонгуулийн хороодын тогтолцоонд суурилсан байна.

11.2.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн дараах иж бүрдэл багтана:

11.2.1.Сонгуулийн ерөнхий хорооны /түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн/ автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл;

11.2.2.сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл;

11.2.3.сонгуулийн хэсгийн хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл.

11.3.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд тухайн сонгуульд ашиглах зорилгоор автоматжуулах хэрэгслийн бусад иж бүрдлийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тогтоож болно.

12 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв

12.1.Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Мэдээллийн технологийн төвийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулан ажиллуулна.

12.2.Сонгуулийн ерөнхий хороо нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулж ажиллуулна.

12.3.Мэдээллийн технологийн төв нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дүрмийг мөрдлөг болгон ажиллаж дараах үүргийг гүйцэтгэнэ:

 12.3.1.сонгуулийн автоматжуулсан системийг тухайн сонгуульд ашиглах техник, технологийн шийдлийг Сонгуулийн ерөнхий хорооны захиалгын дагуу боловсруулж, уг системийг ашиглах техник-зохион байгуулалт, арга зүй, технологийн нэгдсэн удирдлага, хэвийн үйл ажиллагааг хариуцах;

12.3.2.сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны мэдээллийн технологийн баг, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах;

12.3.3.сонгуулийн автоматжуулсан систем мэдээллийн бусад системтэй харилцан ажиллах асуудлыг шийдвэрлэх;

12.3.4.сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, бусад хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу эзэмших, ашиглах, бүрэн эрхийнхээ хүрээнд захиран зарцуулах;

12.3.5.сонгуулийн автоматжуулсан систем дэх мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан хангах;

12.3.6.дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулах;

12.3.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах мэргэжлийн хүнийг сонгон сургалт явуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгох;

12.3.8.бүрэн эрхийнхээ хүрээнд техник, технологи, зохион байгуулалт, арга зүйн шинжтэй заавар батлах;

12.3.9.дүрэм болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

13 дугаар зүйл.Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн баг

13.1.Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг Сонгуулийн ерөнхий хороо Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж ажиллуулна.

14 дүгээр зүйл.Мэдээллийн технологийн даамал

14.1.Сонгуулийн зохих шатны хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамал ажиллана.

14.2.Мэдээллийн технологийн даамал нь сонгуулийн хугацаанд сонгуулийн зохих шатны хороотой гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд Мэдээллийн технологийн төвийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана.

14.3.Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН

15 дугаар зүйл.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн эрх зүйн байдал

15.1.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж нь төрийн өмч мөн.

15.2.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хувийн болон бусад өмчийн эд хөрөнгийг түрээсээр авч оруулах асуудлыг Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэнэ.

15.3.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийг Мэдээллийн технологийн төвөөс зохих шатны сонгуулийн хороонд үнэ төлбөргүй эзэмшүүлэх гэрээний дагуу хүлээлгэн өгнө.

15.4.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдгээрийн зарим хэсгийг солих, нэмж оруулах, өөрчлөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцсөний үндсэн дээр Мэдээллийн технологийн төв шийдвэрлэнэ.

15.5.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

15.6.Сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамжийн зохиогчийн эрхтэй холбогдсон асуудлыг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

16 дугаар зүйл.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг байршуулах нөхцөлийг хангах

16.1.Бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт ажиллах сонгуулийн хороодын байршилд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг суурилуулахад шаардлагатай зохих хэмжээний талбай, цахилгаан эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ бүхий өрөө тасалгаагаар хангах асуудлыг хариуцан шийдвэрлэх үүрэг хүлээнэ.

17 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сан

17.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд дараах мэдээлэл байна:

17.1.1.сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийн нэгдсэн сан, сонгуулийн тойрог, хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт, түүнтэй холбогдох бусад мэдээлэл;

17.1.2.сонгуульд нэр дэвшигчид, тэдгээртэй холбогдох бусад мэдээлэл;

17.1.3.сонгуулийн хороодын бүрэлдэхүүний талаарх мэдээлэл;

17.1.4.санал хураалтын явц болон дүнгийн талаарх мэдээлэл;

17.1.5.сонгуулийн хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

17.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байршуулах мэдээлийн жагсаалтыг баталж мөрдүүлнэ.

17.3.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байгаа мэдээлэл төрийн өмч мөн.

17.4.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хэвлэх, хадгалах, лавлагаа олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батална.

18 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас мэдээлэл авах эрх

18.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас дор дурдсан этгээд мэдээлэл авах эрх эдэлнэ:

18.1.1.сонгуулийн бүх шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан болон сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж техник хэрэгслийг ажиллуулж байгаа ажилтан тус тусын бүрэн эрх, албаны үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах;

18.1.2.иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн хувийн мэдээлэл болон энэ хуулийн 18.2-т заасан нийтэд нээлттэй мэдээлэл авах;

18.1.3.төрийн байгууллагын хуулиар эрх олгогдсон албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар мэдээлэл авах.

18.2.Энэ хуулийн 18.1-д зааснаас бусад этгээд мэдээлэл авах журам, мэдээллийн сангийн нийтэд нээлттэй мэдээллийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно.

18.3.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журмыг Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль, сонгуулийн тухай болон нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ АШИГЛАН ҮЙЛДСЭН БАРИМТ БИЧИГ ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ТҮҮНИЙ ҮНЭН ЗӨВ БАЙДЛЫГ ХАНГАХ

19 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн баримт бичиг хуулийн хүчин төгөлдөр болох

19.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэж цаасан дээр буулгасан баримт бичигт хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

19.2.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэсэн цахим баримт бичигт зохих албан тушаалтан цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

19.3.Цахим хэлбэрээр үйлдсэн санал хураалтын дүнгийн товчоо, бусад тоон мэдээлэл бүхий хүснэгт, тэмдэглэл, нэгтгэлд авагдсан цахим баримт бичгийн жинхэнэ эсэхийг урьдчилан шалгана.

20 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах

20.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд цаасан дээр үйлдсэн болон цахим хэлбэрээр үйлдсэн бүх баримт бичгийг оруулна.

20.2.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд цаасан дээр үйлдсэн баримт бичгийг оруулсан бол түүнийг цахим хэвлэх төхөөрөмжөөр хэвлэн гаргаж зохих албан тушаалтан гарын үсэг зурсан хувийг албан хэрэгт хадгалах бөгөөд мэдээллийн санд цахим хэлбэрээр үйлдэж цахим гарын үсэг зурсан баримт бичгийг оруулсан, түүнчлэн цахим хэлбэрээр баримт бичиг үйлдсэн бол энэ тухай тусгай бүртгэл хөтөлнө.

20.3.Сонгуулийн цахим баримт бичгийг дээд шатны сонгуулийн хороонд дамжуулахын өмнө уг баримт бичиг бүрийн цахим гарын үсгийг шалгаж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

20.4.Энэ хуулийн 20.3-т заасан тэмдэглэлийг цахим хэвлэх төхөөрөмжөөр хэвлэн, сонгуулийн доод шатны хорооны зохих албан тушаалтан гарын үсэг зурж, тусгай бүртгэл хөтлөн хадгална.

20.5.Дээд шатны сонгуулийн хороо хүлээн авсан цахим баримт бичгийн цахим гарын үсгийг шалгаж, энэ тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг цахим төхөөрөмжөөр хэвлэн гаргаж, хүлээн авсан албан тушаалтан гарын үсэг зурж, тусгай бүртгэл хөтлөн албан хэрэгт хадгална.

20.6.Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж мөрдүүлнэ.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТ

21 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах

21.1.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хамгаалалтын техник-зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, системийн ашиглалтын явцад хяналт тавих замаар хангана.

21.2.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хамгаалалтын дараах үндсэн арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:

21.2.1.сонгуулийн автоматжуулсан систем, түүний техник хэрэгсэл, программ хангамжийг зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх;

21.2.2.нийтийн хэрэглээний болон тусгай зориулалтаар ашиглах зөвшөөрөл, гэрчилгээ бүхий программ, техник хэрэгсэл, харилцаа холбооны суваг ашиглах;

21.2.3.сонгуулийн автоматжуулсан системд хууль бусаар нэвтрэх боломжийг бүрэн хаах;

21.2.4.мэдээллийн санд байгаа мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв болохыг баталгаажуулах;

21.2.5.мэдээллийг мэдээлэл, харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах үед хамгаалах;

21.2.6.сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан системийн бэлэн байдлыг тусгайлан шалгах;

21.2.7.холбогдох журмаар баталсан ашиглалтын баримт бичгийг хэрэглэх;

21.2.8.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн хэвийн ажиллагаа, түүний бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

21.2.9.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ бүхий ажилтныг бэлтгэх.

21.3.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн автоматжуулах ажиллагаанд оролцож мэдээлэл, харилцаа холбооны болон бусад төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцна.

21.4.Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, энэ хуулийн 21.2.1-д заасны дагуу гэрчилгээг олгоно.

21.5.Энэ хуулийн 21.4-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

22 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглах

22.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээлэл солилцох ажиллагааг явуулахад нийтийн хэрэглээний, салбарын болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний нөөц сувгийг хууль тогтоомжийн дагуу ашиглана.

22.2.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээлэл солилцоонд ашиглаж байгаа үүрэн болон суурин харилцаа холбооны сүлжээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь мэдээлэл дамжуулах үйлчилгээний чанарыг хууль тогтоомжийн дагуу хариуцна.

23 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтад тавих хяналт

23.1.Сонгуулийн бүх шатны хороод сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан систем, түүний бүрдэл хэсэг, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах тохиолдолд тухайн хорооноос холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий хяналтын хэсэг байгуулж ажиллуулна.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийг Сонгуулийн ерөнхий хороонд 3 гишүүний, сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар хороонд 5 гишүүний, сонгуулийн хэсгийн хороонд 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн сонгуулийн хорооны гишүүдийн дотроос томилж, мэргэжлийн болон бусад төлөөллийг оролцуулан байгуулна.

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийг байгуулах заавар, түүний ажиллах журмыг энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

23.4.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсэг дараах эрх эдэлнэ:

23.4.1.сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн ашиглалтын бэлэн байдлыг шалгах;

23.4.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Мэдээллийн технологийн төвөөс баталсан журам, зааврыг нэг мөр дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах;

23.4.3.хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор сонгуулийн автоматжуулсан системд оруулсан, түүнээс гаргасан, зохих сонгуулийн хороонд дамжуулсан аливаа мэдээлэл, баримт бичигтэй танилцах;

23.4.4.сонгуулийн хороодоос сонгуулийн тоо баримтын талаарх мэдээллийг сонгуулийн автоматжуулсан системд зөв оруулсан эсэх, мэдээлэлд зохих сонгуулийн хорооны шийдвэрээр засвар, нэмэлт, өөрчлөлт хийсэн бол түүнийг зөв оруулсан эсэхийг хянах;

23.4.5.мэдээллийг гараар болон автоматжуулсан хэлбэрээр боловсруулсан дүнг харьцуулах;

23.4.6.тухайн сонгуулийн хороонд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн хариуцан ажиллаж байгаа албан тушаалтан, мэдээллийн технологийн даамал, бусад ажилтнаас тайлбар гаргуулан авах;

23.4.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулахад энэ тухай тэмдэглэл үйлдэх, бүртгэл хөтлөх, мэдээллийг цахим төхөөрөмжөөр хэвлэж баталгаажуулах, цахим гарын үсэг зурах зэрэг хууль, журамд заасан үйлдлийг заавал хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

23.4.8.хяналт шалгалтын ажилд зохих эрх бүхий шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах асуудлыг тухайн сонгуулийн хороонд тавих;

23.4.9.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах журам, зааврыг мөрдөж ажиллах талаар холбогдох албан тушаалтан, ажилтанд шаардлага тавих.

23.5.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, зөрчил илрүүлсэн тохиолдолд хяналтын хэсэг энэ тухай үндэслэл, нотолгоо бүхий тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр зохих шатны сонгуулийн хорооны даргад даруй танилцуулж, зөрчлийг арилгах саналаа тухайн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

23.6.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийн хяналт шалгалтын материалыг тухайн сонгуулийн хорооны албан хэрэгт хадгална.

24 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах талаарх бусад байгууллагын үүрэг

24.1.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай уялдуулан цагдаа, тагнуулын болон хяналт шалгалтын бусад байгууллага тус тусын чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд ханган ажиллана.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ АШИГЛАХ ЯВЦАД ГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

25 дугаар зүйл.Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө

25.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй болсон тохиолдолд санал авах, санал тоолох, мэдээлэл дамжуулах зэрэг мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах нөөц төлөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороо баталж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, сонгуулийн хэсгийн байранд ил тавина.

26 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системд гарсан гэмтэл, саатлыг арилгах

26.1.Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн аль нэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тухай бүр зохих шатны сонгуулийн хорооны даргад нэн даруй мэдэгдэх бөгөөд тухайн хорооны хяналтын хэсэг гэмтэл, саатлын шалтгааныг шалган тодруулж, уг гэмтлийг хэрхэн засварласан, саатлыг арилгасан талаар тэмдэглэл хөтөлнө.

 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан тэмдэглэлд хяналтын хэсгийн гишүүд, холбогдох бусад ажилтан гарын үсэг зурж албан хэрэгт хадгална.

26.3.Хяналтын хэсэг шаардлагатай бол сонгуулийн хорооны хуралдаанд зохих шийдвэр гаргуулахаар санал оруулж шийдвэрлүүлнэ.

26.4.Сонгуулийн хороод нь сонгуулийн автоматжуулсан системд гарсан гэмтэл, саатал, мэдээллийн гажуудлын шалтгааныг шалган тогтоож, тэдгээрийг арилгах, системийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг шуурхай шийдвэрлэж, шаардлагатай хөрөнгө хүч, мэргэжилтнийг дайчлах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг яаралтай хүргүүлэх зэргээр системийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг шуурхай шийдвэрлэх, шаардлагатай асуудлыг дээд шатны сонгуулийн хороо, бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй.

27 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системээс гар ажиллагаанд шилжих

27.1.Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих үндэслэл, журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж мөрдүүлнэ.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМД АШИГЛАХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ СОНГОХ, ХУДАЛДАН АВАХ, ТУРШИЛТ ХИЙХ

28 дугаар зүйл.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг сонгох

28.1.Сонгуульд ашиглах автоматжуулсан системийн технологи, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонгох ажиллагааг дор дурдсан журмаар явуулна:

28.1.1.тухайн сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон захиалгыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, түүнийг үндэслэн сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан байгуулах;

28.1.2.энэ хуулийн 28.1.1-д заасан ажлын хэсгийн бэлтгэсэн саналыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэж, дэмжсэн техник, технологийн шийдлийн талаар Улсын Их Хуралд танилцуулах.

28.2.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг худалдан авах ажиллагааг дор дурдсан журмаар явуулна:

28.2.1.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг худалдан авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хорооны төлөөлөл орсон комисс зохион байгуулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, холбогдох саналыг Сонгуулийн ерөнхий хороонд оруулж шийдвэрлүүлэх;

28.2.2.энэ хуулийн 28.2.1-д заасан сонгон шалгаруулалт явуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо хамтран баталж мөрдүүлэх.

28.3.Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийн болон харилцаа холбооны үйлчилгээг худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.

29 дүгээр зүйл.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших

29.1.Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.

29.2.Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

29.3.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалган туршиж, түүний бэлэн байдлыг баталгаажуулсан тухай гэрчилгээг энэ хуулийн 21.4-т заасан ажлын хэсэг техник хэрэгсэл тус бүрд олгоно.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

30 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдвол сонгуулийн хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.3.Энэ хуулийг зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.4.Дор дурдсан зөрчил гаргасан этгээдэд дараах захиргааны шийтгэлийг шүүгч ногдуулна:

30.4.1.энэ хуулийн 5.1.4-т заасныг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэнийг 100000-200000 төгрөгөөр, энэ хуулийн 10.4-т заасныг зөрчиж сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг 50000-150000 төгрөгөөр тус тус торгох;

30.4.2.энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, бусад эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөн гэм буруутай албан тушаалтныг 100000-200000 төгрөгөөр, иргэнийг 50000-100000 төгрөгөөр тус тус торгох.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                            Д.ДЭМБЭРЭЛ

 



САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.