ИСПАНИ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТУХАЙ



ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТУХАЙ

2019.11.10

 

Испанийн Хаант Улс нь Үндсэн хуульт хаант засаглалтай. Тус Улсын Ван VI Фелипе 2014 оноос хаан ширээг залгамжлан сууж байгаа бол Засгийн газрыг 2018 оны 6-р сараас хойш Зүүний үзэл бүхий төвийг баримтлагч Испанийн социалист ажилчдын нам (PSOE-Spanish Socialist Workers Party)-ын дарга Пэдро Санчез тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайдыг парламентаас шууд бусаар сонгодог. Ингэхдээ Улсын Ван нь Парламентад суудалтай улс төрийн намын төлөөлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын тэргүүн (зарим тохиолдолд Ерөнхийлөгч гэх)-д нэр дэвшигчийн нэрийг Парламентын даргад уламжилна. Нэр дэвшигч нь Парламентын доод танхим буюу Конгресст Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Конгрессийн гишүүдийн олонхийн саналыг авсанаар дэмжигдсэнд тооцогдох ба Улсын Ван тухайн нэр дэвшигчийг Ерөнхий сайдаар томилдог байна. Харин нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол 48 цагийн дараа саналаа дахин оруулах боломжтой.    

 

Испанийн парламентCortes Generales нь хоёр танхимтай бөгөөд Дээд танхим-Сенат нийт 266 гишүүнтэй бөгөөд 58 нь бүсийн хууль тогтоох байгууллагуудаас сонгогддог бол бусад 208 гишүүдийг пропорциональ тогтолцооны нээлттэй жагсаалт бүхий үл шилжих саналын зарчмаар, бүх нийтийн сонгуулиар сонгоно. Доод танхим-Конгрессийн нийт 350 гишүүдийг хаалттай жагсаалт бүхий пропорциональ тогтолцоогоор бүх нийтийн сонгуулиар сонгодог.

 

Парламентын сонгууль 4 жил тутам явагддаг ч Ерөнхий сайд хугацаанаас нь өмнө зарлан явуулах эрхтэй.Ерөнхий сайд дээр дурдсан аль нэг танхимыг дангаар нь эсвэл хоёр танхимыг хамтад нь татан буулгаж, ээлжит бус сонгуулийг зарладаг. Ерөнхий сайд тусгай эрхээ үл итгэх хөдөлгөөн[1] өрнөөгүй байх үед болон улсад онц байдал зарлаагүй байх үед ашиглана. Харин хугацааны хувьд сүүлийн сонгуулиас хойш 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсөн байх ёстой. Түүнчлэн, сүүлийн сонгуулийн дараа Ерөнхий сайдыг албан тушаалд томилох асуулга (investiture vote) амжилтгүй болсон тохиолдолд хоёр танхимыг татан буулгаж, шинэ сонгуулийг зарладаг байна.

 

Тухайн CortesGenerales-ийн сонгуульт хугацаа дуусахаас 25 хоногийн өмнө (Ерөнхий сайд ээлжит бус сонгууль зарлахтусгай эрхээ ашиглаагүй тохиолдолд) сонгууль явуулах тухай зарлигийг гаргаж, маргааш өдөр нь Төрийн албан ёсны сэтгүүлд хэвлэдэг байна.

 

Орон нутгийн сонгууль мөн 4 жил тутам бүх мужуудад нэг өдөр явагддаг. Сонгогчдын ирц 1977 оноос хойш 68.13-79.83%-тай байгаа юм. 

 

Испанийн Сонгуулийн төв байгууллага (Junta Electoral Central) нийт 13 гишүүнтэй, түүний 8 нь Дээд шүүхийн шүүгч (Шүүхийн ерөнхий консулаас томилогддог), 5 нь Парламентын Доод танхимд төлөөлөлтэй улс төрийн нам, эвсэл, сонгогчдын бүлгээс томилогдсон их сургуулийн профессор (хуулийн болон улс төрийн тэнхимээс) байдаг байна. Гишүүдийг шинэ Парламентын анхны чуулган хуралдсанаас хойш 90 хоногийн дотор томилдог.

 

Испани улс олон намын тогтолцоотой ч зонхилох хоёр нам нь Испанийн социалист ажилчдын нам (PSOE) болон Ардын нам (People’s party) юм.[2] Сонгуулийн санал хураалтын дүнгээр аль ч нам олонхийн санал аваагүй тохиолдолд хамгийн их суудал авсан нам нь Испанийн цөөнхийн Засгийн газраас, эсвэл аль нэг эвсэлтэй хамтран олонхийг бүрдүүлэх боломжтой.

 

Парламентын 2016 оны сонгуулийн үр дүнд Ардын нам Конгресст 137 суудал (нийт саналын 33%) авч, Испанийн социалист ажилчдын нам 85 суудал (22.6%)авсанаар Ардын нам нь цөөнхийн Засгийн газрыг байгуулах боломжтой болсон хэдий ч 2018 оны 7-р сард үл итгэх хөдөлгөөн  өрнөснөөр Испанийн социалист ажилчдын нам цөөнхийн Засгийн газрыг тэргүүлэх болжээ.

 

Одоогийн Ерөнхий сайд Пэдро Санчез (Испанийн социалист ажилчдын нам-PSOE)-ийн өмнөх Ерөнхий сайд Мариано Ражой нь түүний тэргүүлдэг төв-барууны үзэл бүхий Partido Popular намтай холбоотой авилгын томоохон хэрэгт холбогдсоны улмаас 2018 оны 6-р сард огцорчээ. Пэдро Санчез сонгуульд амжилт гаргахын тулд салан тусгаарлагчдын хөдөлгөөн их байдаг Баск (Basque-автономит улс) болон Каталони (Каталони- 7.5 сая хүн амтай, Барселона хотбагтдаг Испанид хүн амынхаа тоогоор хоёртордог муж) мужийн олон жижиг намуудыг түшиглэжээ.[3] Гэвч Ерөнхий сайд Санчезийн оруулсан төсвийг Баск болон Каталонийн намууд, сөрөг хүчнийхэн дэмжээгүй тул эцэстээ 2019 оны 2-р сард дэмжлэг авалгүй унасанаар Ерөнхий сайд Парламентын ээлжит бус сонгуулийг мөн оны 4-р сард явуулахаар зарлажээ. Ингэснээр мухардлаас гарах боломжтой гэж тэрээр тооцоолсон байна.

 

Парламентад зөвхөн 84 суудалтай байсан Испанийн социалист ажилчдын нам (PSOE) 4-р сард явагдсан сонгуулиар суудлын тоогоо нэмж парламентад 123 суудалтай болсон ч олонхи болж чадаагүй тул Санчез Ерөнхий сайд болохын тулд бусад жижиг намуудаас дэмжлэг авах шаардлагатай болсон юм. Тодруулбал, 7-р сарын 23-нд болсон Ерөнхий сайдыг албан тушаалд нь жинхлэх анхны асуулгаар 176 санал авсан тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пэдро Санчез Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох байжээ. Албан үүрэгт томилох тухай асуудлаар хэлэлцэх чуулган 7-р сарын 22-нд Конгрессийн мэтгэлцээнээр эхэлсэн бөгөөд хурлын үеэр парламентын бусад бүлгийн төлөөлөгчид үг хэлсэн байна. Үүний дараа Конгрессийн  даргын зарласнаар 2 дахь асуулга 48 цагийн дараа буюу 7-р сарын 25-нд явагдсан нь мөн амжилтгүй болсон тул дахин санал асуулгыг 9-р сард явуулахгүй ба парламентын удаах сонгуулийг зарлахаар болжээ.

 

Пэдро Санчезийн бусад намуудтай тохиролцоонд хүрч чадаагүй гол шалтгаан нь 4-р сарын сонгуулиар 42 суудал авсан зүүнийг баримтлагч Unidas Podemos намтай Социалистууд зөвшилцөлд хүрээгүйтэй холбоотой юм. Тухайлбал, Unidas Podemos намын дарга Пабло Иглесиас Санчезтэй эвслийн Засгийн газар байгуулахаар санал нэгдсэн ч Санчезийн санал болгосон дунд түвшний албан тушаалуудыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Засгийн газар, яамдын  албан тушаалаас авч өөрийн намын суудлын харьцаа (42 суудлын эсрэг 123 суудал)-г тэгшитгэх хүсэлтэй байсныг Санчез эсэргүүцсэн байна.[4]

 

Ийм байдлаар Ерөнхий сайдад нэр дэвших дараагийн хүнийг 9-р сарын 23-нд хэлэлцүүлэх байсныг Ван VI Фелипе цуцалж[5], ирэх 11-р сарын 10-нд сонгууль явуулахаар товлон зарлажээ. Уг сонгуулиар Испанийн Хаант Улсын 14 дэх Cortes Generales–ийн Конгрессийн танхимын нийт 350 гишүүн болон Сенатын 208 гишүүнийг сонгоно.

 

Испани Улсын түүхэнд ихэнхдээ хоёр нам засгийн эрхийг барьж ирсэн. Ийнхүү олон намын төлөөлөл парламентад сонгогдож байсан нь анхных болж байгаа бөгөөд шинжээчдийн харж байгаагаар ирэх сард болох санал хураалт нь 4-р сард болсон сонгуулийн санал хураалтаас ялгагдахааргүй үр дүн харуулах магадлалтай байна.[6]



[1]Үл итгэх хөдөлгөөн - Испанийн Үндсэн хуулийн 113-т зааснаар, Конгрессийн гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж болно.

[2]Цахим мэдээ https://www.expatica.com/es/about/gov-law-admin/government-106928/

[4] El Pais цахим сэтгүүл https://elpais.com/elpais/2019/07/02/inenglish/1562065154_297447.html

[5]Үндсэн хуулийн 99.5 дахь заалт (5. If within two months after the first vote for investiture no candidate has obtained the confidence of Congress, the King shall dissolve Congress and call new elections, following endorsement by the Speaker of Congress)

[6]Vox цахим сэтгүүл https://www.vox.com/2019/4/28/18518343/spain-election-2019-results-psoe-vox-pedro-sanchez