БҮГД НАЙРАМДАХ ФИНЛЯНД УЛСЫН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ 2019.4.23


Финлянд улс нь парламентийн засаглалтай Бүгд Найрамдах Улс бөгөөд Засгийн газар нь нийслэл Хельсинкид байрлана.   

Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгчөөр Саули Ниинисто, харин Засгийн газрын тэргүүнээр Жуха Сипила нар ажиллаж байна. Тус улсын парламент Eduskunta нь нэг танхим бүхий 200 гишүүнтэй. Ерөнхийлөгчөө 6 жил тутамд хоёр шатны сонгуулиар сонгодог бол хууль тогтоох байгууллага болох парламентийн гишүүдээ 4 жил тутам сонгодог байна. Финлянд улс 5 жил тутам явагддаг Европын Холбооны сонгуулиар Европын парламентад 13 суудал авчээ. 

Сонгуулийн тогтолцооны хувьд Ерөнхийлөгчийн сонгууль нь үнэмлэхүй мажоритар (absolute majority) тогтолцоогоор явагддаг бөгөөд эхний шатанд саналаа өгсөн нийт сонгогчдын талаас илүү хувийн саналыг аль ч нэр дэвшигч авч чадаагүй тохиолдолд хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулна. Ерөнхий сайдыг парламентийн батламжилсанаар 4 жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгч нь томилно. 

Харин парламент (Eduskunta)-ийн 199 гишүүнийг олон мандат бүхий 12 тойргоос хувь тэнцүүлэх буюу нээлттэй нэрийн жагсаалт бүхий пропорционал тогтолцоогоор, Aland автономит бүсийн 1 мандаттай тойргоос үлдсэн нэг гишүүнийг сонгодог. Сонгуулийн дүнгээр парламентийн суудлыг хуваарилахдаа Д’Oндтын аргыг хэрэглэдэг.  

Сонгуулийн тогтолцооны уг арга нь олон тооны жижиг намууд парламентад төлөөллөө оруулах боломж олгодог онцлогтой тул тус улсын Засгийн газрыг олон намууд эвсч байгуулах нь олонтаа ажээ. Ерөнхий сайд нь ихэвчлэн хамгийн олон суудал авсан намаас сонгогддог байна. 

Тус улсад ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн дагуу non-binding буюу заавал биелүүлэхгүй байх нөхцөлтэйгөөр явуулдаг. 1931 онд Зөрчлийн тухай хуулийг батлах эсэх асуудлаар, 1994 онд Европын Холбоонд элсэх эсэх асуудлаар ард иргэдийнхээ дунд  санал асуулга явуулж байжээ.    

Финлянд улсын нийт хүн ам 2019 оны эхний байдлаар 5,513,199 сая  байсан ба бүртгэлтэй сонгогчдын тоо 4,515,085 байна. 

2019 оны 4-р сарын 14-ний өдөр Финляндын Парламентийн сонгууль  явагдаж, нийт санал өгөх эрх бүхий 4,255,466 сонгогчоос 3,067707 нь урьдчилсан болон сонгуулийн өдөр санал хураалтад оролцон саналаа өгч, сонгогчдын ирц 72,1% байв. 

Сонгогч бүрт өөрийн санал өгөх санал авах байр, тэдгээрийн хаяг, бусад шаардлагатай мэдээллүүд бүхий картыг шуудангаар илгээдэг. Сонгогч урьдчилсан санал хураалтын үеэр санал авах байранд очиж саналаа өгөх, сонгуулийн өдөр өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжгүй сонгогч өөрийн харьяа сонгуулийн комисст урьдчилан мэдэгдсэнээр гэрээсээ саналаа өгч шуудангаар илгээх боломжтой юм. Мөн гадаад улсад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газарт очиж урьдчилан саналаа өгөх, эсвэл шуудангаар саналын хуудсаа илгээх боломжтой байдаг. 

Энэ удаагийн парламентийн сонгуулийн үр дүнд Төв намаас (Centre Party) бусад намууд тус бүр 20 хувийн санал авч, парламент дахь суудлын тоогоо өсгөж чаджээ. Тодруулбал, хамгийн олон суудлыг Социал Демократ Нам (Social Democratic Party), Ногоонтны Лиг (Green League) болон Зүүний Альянс (Left Alliance) авсан бол зөвхөн Төв нам л өмнөх парламентийн үеэсээ 18 суудал дутуу авчээ. Харин Финляндчуудын Нам (Finns Party) болон Үндэсний Эвсэл Нам (National Coalition Party) тус бүр нэг суудал нэмж авсан байна. 

Шинэ парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх бөгөөд нийт гишүүдийн 47%-ийг эзлэх юм байна.  

Эх сурвалж: 
⦁Финлянд Улсын Сонгуулийн комиссын цахим хуудас https://vaalit.fi/en/frontpage
⦁Сонгуулийн тогтолцооны олон улсын сан  (IFES) ⦁http://www.electionguide.org