СЛОВАК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Бүгд Найрамдах СловакУлсад 2019 оны 3-р сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт явагдаж хоёр дахь шатны сонгуулийг 3-р сарын 30-ны өдөр зохион байгуулав.

 

Словак улс нийт 5,450,987 (2019 оны байдлаар) хүн амтай. Парламент нь нэг танхимтай, 150 гишүүнтэй. Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаагаар сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох  эрхтэй.

 

Словак Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүрэг нь хязгаарлагдмал хэдий ч ёслолын бус албан тушаал юм. Тэрээр Ерөнхий сайд, шүүхийн дээд шатны байгууллагын удирдлагуудыг томилох, хуулийн төсөлд хориг тавих эрхтэй.

 

Словак улс Ерөнхийлөгчийн сонгуулийг 1999 оноос эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж иржээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 40 нас хүрсэн, тухайн үед төрийн албанд албан тушаал эрхлээгүй иргэн байх ба нэр дэвшигчид нийт 15,000 сонгогчдын гарын  үсгийг цуглуулсан байх, эсхүл парламентийн 150 гишүүдийн 15 гишүүний дэмжлэгийг авсан байх шаардлагыг тавьдаг байна.

 

Эхний шатны санал хураалтаар саналаа өгсөн нийт сонгогчдоос хамгийн их буюу 50+1%-ийн саналыг авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох бөгөөд хэрэв уг босгыг нэр дэвшигчдийн хэн нь ч давж чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөнө.

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд нийт 16 нэр дэвшигч өрсөлдөх байснаас хоёр нь сонгуулийн санал авах өдрөөс өмнө нэрээ татжээ. Нэрээ татсан нэр дэвшигчдийн нэр саналын хуудаст хэвлэгдсэн хэвээр үлдсэн ч хэрэв тэдгээр нэр дэвшигчдэд сонгогч санал өгвөл уг саналыг хүчингүйд тооцдог байна.

 

Тус улсын сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 4,429,033 сонгогчдын 2,145,364 нь эхний шатны сонгуульд саналаа өгч, сонгуулийн ирц 48.44%-тай байжээ.

 

Эхний шатны сонгуулиар Дэвшилтэт Словак намаас нэр дэвшигч Зузана Капутова саналаа өгсөн нийт сонгогчдын 40%-ийнх нь саналыг авч тэргүүлсэн боловч нийт сонгогчдын 50+1%-ийн саналыг авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалтад Европын Комиссын Эрчим хүчний зөвлөлийн дэд дарга, бие даан нэр дэвшигч Марош Шевковичтой  өрсөлдсөн байна.

 

Марош Шевкович эхний шатны санал хураалтаар 18,7%-ийн санал авсан бол хоёр дахь шатны санал  хураалтаар 41.6%-ийн санал авчээ. Харин саналаа өгсөн нийт сонгогчдын 58,4%-ийн саналыг авч чадсанаараа Зузана Капутова тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрээр энэ оны 6-р сарын 15-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орох юм байна.