Сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, хуваарь баталж, аймгийн сонгуулийн хороо байгуулав



Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг тус тус гаргалаа.


Тухайлбал,  хуралдаанаар  2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болсон аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын  нөхөн болон дахин сонгууль, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, мөн өдөр болох  аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн,  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарын мэдээллийг сонсов.


Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн  42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон  сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Хуралдаанаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой  ажлын цаг хугацааны хуваарийг  нарийвчлан гаргалаа.


Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.


Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж  ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд   даалгасан байна.

 

2018 оны 7 дугаар сарын 04