Сонгуулийн хугацааг наашлуулав

Турк Улсын Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг энэ оны  6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахад бэлэн байна гэж тус улсын Сонгуулийн дээд комиссын дарга Сади Гювен мэдэгдсэн байна.

 

Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн хугацааг наашлуулах гэж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган парламент дахь Үндсэрхэг хөдөлгөөний намын дарга Девлет Бахчелитай уулзсаны дараа анх мэдэгджээ. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр товлож байсан сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх болсныг Туркийн тэргүүн тухайлбал, хөрш Сири, Ирак Улсын нөхцөл байдалтай холбон үзсэн юм.

 

Туркийн улс төрийн намууд сонгуулийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийснээр сонгуулийг товлосон хугацаанаас нь өмнө буюу дэр дурдсан хугацаанд зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн.

 

Сонгуулийн дээд комисс шинэ сонгуулийн бэлтгэл ажлыг эхлүүлж, юуны өмнө сонгуулийн кампанит ажлын цаг хугацааны хуваарь гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд сонгууль зохион байгуулах тухай асуудал Парламентаар дэмжигдсэний дараа л хуваарийг нийтийн хүртээл болгоно хэмээн Сади Гювен хэллээ.

 

Турк Улсын тэргүүн Режеп Эрдоган өөрийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшүүлэхээ мэдэгдсэн бол сөрөг хүчний намууд болох Бүгд найрамдах ардын нам, курдын талыг баримтлагч Ард түмний ардчиллын нам парламентын сонгуульд оролцох тухайгаа урьдчилсн байдлаар мэдэгдээд байгаа аж.

 

Дашрамд дурдахад,  2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон ард нийтийн санал асуулгын дүнгээр парламентын засаглалтай Турк Улсыг  ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг дэмжсэн байна.