Дэлхийн сонгуулийн байгууллагууд чуулав

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 3 дугаар чуулга уулзалт болон “Саналын хуудас, санал тооллого: Сонгуулийн ил тод байдлыг хангахад технологийн хэрэглээ” сэдэвт олон улсын бага хурал 2017 оны 8 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Румын улсын Бухарест хотод амжилттай болж өндөрлөлөө.

             



Холбооны чуулга уулзалтаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос хийсэн ажлын тайлангаа танилцуулж, ирэх 2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Холбооны дэд даргын сонгууль болж, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны дэд даргаар БНЭУлс сонгогдлоо.

 

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын бага хуралд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөл оролцож сонгуулийн үйл ажиллагаанд сонгогчийн санал авах, тоолох автомат төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байгаа туршлагынхаа талаар илтгэл тавьж оролцов.

 

Манай улсаас гадна Холбооны гишүүн 30 гаруй улс илтгэл тавьж оролцсон юм. Бразил, Эквадор, Египт, Киргиз, Филиппин, Самоа, Аргентин, Бутан, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улс өөрийн орны сонгуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн технологийн туршлагаасаа хуваалцаж байсан бол Румын, Латви, Афганистан, Ирак, Португал, Турк зэрэг улс орнууд өөрсдийн орны сонгуулийн систем, уламжлалт аргаар буюу саналыг гараар тоолох ажилд тулгарч буй бэрхшээлийн талаар дурдаж байлаа.

 

Сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан техник, технологи ашигладаг улс орнуудын зарим нь сонгогчийн бүртгэлдээ ашигладаг бол зарим нь зөвхөн дүн нэгтгэх, олон нийтэд зарлахдаа ашиглаж байна. Харин Энэтхэг, Бразил, БНСУ, Киргиз болон манай улс автоматжуулалтыг цогцоор нь нэвтрүүлсэн нь бусад улс орнуудад туршлага болж, өндрөөр үнэлэгдсэн юм.