Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль батлагдлаа


Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан билээ.

Энэ хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.


Сонгуулийн автоматжуулсан систем гэдгийг хуульд сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогц ойлголт гэж тодорхойлжээ.


Энэ хуулиар сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Мэдээллийн технологийн төвийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулан ажиллуулахаар хуульчилсаны дагуу тус төвийг байгуулж, үйл ажиллагаа нь эхлээд байна.


Харин сонгуулийн тойргийн хорооны дэргэд харъяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй Мэдээллийн технологийн баг, салбар, хэсгийн хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамал тус тус ажиллуулахаар хуульчилжээ.